
Уур амьсгалын өөрчлөлт Антарктидын бэлгэ тэмдэг болсон хаан оцон шувуу болон үслэг далайн хавыг устахын ирмэгт хүргэж байна гэж шинэчилсэн үнэлгээнд дурджээ.
IUCN (International Union for Conservation of Nature) буюу Байгаль хамгаалах олон улсын холбооны нийтэлсэн шинэ жагсаалтад энэ хоёр амьтны тоо толгой буурахад нөлөөлж буй хүчин зүйлсэд далайн ус бүлээсэх, мөс хайлах, мөн амьдрахад шаардлагатай хоол тэжээлийн нөөц багасах зэрэг багтжээ.
IUCN-ийн “Улаан жагсаалт” нь устах аюулд орсон амьтдын тооллого, мөн тэдний тоо толгой буурахад нөлөөлсөн шалтгааныг тодорхойлдог нэр хүндтэй судалгааны сан юм. АНУ 2022 онд хаан оцон шувууг “аюулд ойр” (threatened) гэж ангилсан бол Антарктидын үслэг далайн хав одоогоор ESA-ийн жагсаалтад ороогүй байна.
Эдгээр амьтад хоёулаа анхаарал татахуйц том биетэй. Хаан оцон шувуу нь бүх оцон шувуудын дундаас хамгийн том нь бөгөөд 1 метр орчим өндөр, 45 кг орчим жинтэй болдог. Эдгээр шувууд болон тэдний зулзагууд “March of the Penguins” баримтат кинонд гарч байснаараа алдартай. Харин үслэг далайн хав нь Антарктидын далайн хавнуудын дундаас хамгийн жижиг нь бөгөөд ихэвчлэн мөсөн тивийн ойролцоох арлуудад амьдардаг. XIX зуунд бараг устах шахсан ч хамгаалалтын арга хэмжээний ачаар сэргэж байсан боловч одоо дахин аюулд оржээ.
Хаан оцон шувуу “Аюулд ойр” ангиллаас “Устах аюулд орсон” болж өөрчлөгдөж байгаа нь 2080-аад он гэхэд популяци нь тал хувиар буурах магадлалтай гэсэн шинэ тооцоололд үндэслэсэн байна. Хиймэл дагуулын мэдээллээр 2009–2018 онд тэдний тоо 10 орчим хувиар буурч, 20 000 гаруй нас бие гүйцсэн шувуу хорогджээ.
IUCN-ийн ажлын хэсгийн гишүүн Филип Тратан хэлэхдээ, тэдний тоо буурах гол шалтгаан нь далайн мөс эрт задарч багасахтай холбоотой. “Хаан оцон шувууны хувьд далайн мөс нь тэдний үндсэн амьдрах орчин юм. Тэд мөсөн дээр үржиж, амьдарч, хооллодог” гэв. Мөс багасах тусам амьдрах орчин багасаж, үржил болон амьд үлдэх чадвар буурдаг байна.
2016 оноос хойш Антарктидын улирлын мөсний хэмжээ мэдэгдэхүйц буурч, олон колонид үржил бүрэн эсвэл хэсэгчлэн бүтэлгүйтэхэд хүргэжээ.
Харин Антарктидын үслэг далайн хав “Эрсдэл багатай” ангиллаас “Устах аюулд орсон” болж өөрчлөгдсөн нь 1999–2025 оны хооронд популяци нь 50 хувиас илүү буурсантай холбоотой. Энэ бууралт мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бөгөөд тэдний гол хоол болох крилл багассантай холбоотой гэж IUCN тогтоожээ.
Судлаач Кит Ковакс хэлэхдээ, усны температур нэмэгдэхэд крилл илүү хүйтэн ус хайж гүн болон хол руу шилждэг тул эрэг дээр амьдардаг махчин амьтад түүнийг барихад хүндрэлтэй болдог гэжээ.