
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Хилийн чанад дахь иргэддээ бид олон жил тусалж чадаагүй байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсаа гадаадад сурталчилах зардлынхаа хүрээнд хилийн чанад дах иргэдийн санаачилгаар зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээ, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг бага зэрэг мөнгөөр дэмжсэн. Түүнчлэн монгол судлал, монгол хэлний сургалтын төвүүдийг дэмжиж байгаа.
Хоёрдугаарт, Гадаадад байгаа иргэдэд туслах сан гэж байдаг. Төсөв нь 200, 300 саяас эхэлдэг байсан бол 2026 онд харин 715 сая төгрөг төсөвлөсөн. Энэ сан бол голдуу хилийн чанадад асуудалд орсон иргэддээ туслах зориулалттай. Сангийн хөрөнгийн 80 орчим хувийг нь амь эрсэдсэн иргэдийн шарилыг зөөх, эх орондоо буцаж чадахгүй янз бүрийн нөхцөл байдалд орсон иргэдэд зорчих онгоцны билет, хэрэгт холбогдож шоронд хоригдож байгаа иргэдийг эргэх зэрэг зардалд зарцуулдаг" гэв.