
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнгөрсөн долоо хоногт уулзахдаа улс төрийн хоригдлуудыг суллах асуудлыг хөндсөн талаараа мэдэгдлээ.
Ши Жиньпиний айлчлалын өмнө Цагаан ордон Трамп Хятадад хууль бусаар хоригдож байгаа хүмүүсийн хэргийг БНХАУ-ын удирдагчтай хөндөх төлөвтэй байгааг мэдэгдэж байсан юм.
Харин Трамп Төвөд, Уйгурын лалын шашинт цөөнх болон Хятадын шинээр баталсан “үндэстнүүдийн эв нэгдэл”-ийн тухай хуультай холбоотой хүний эрхийн өргөн хүрээний асуудлыг шууд хөндөхөөр төлөвлөж байсан эсэх талаар Цагаан ордон мэдээлээгүй байна.
Трамп гадаадад, тэр дундаа Хятадад хоригдож буй америк иргэдийг суллуулахыг тэргүүлэх зорилтуудынхаа нэг болгосоор ирсэн. Гэхдээ тэрээр Хятад улс Төвөдүүд, Уйгурчууд болон эрх баригчдыг эсэргүүцсэн дуу хоолойтой хүмүүст хэрхэн хандаж байгаа талаар ярихаас ихэвчлэн зайлсхийж ирсэн юм.
Жимми Лайгийн хэрэг нь Хонконг дахь үндэсний аюулгүй байдлын нэрийн дор хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээтэй холбоотойгоор дэлхий нийтийн анхаарлыг татсан. Үүнд түүний нэр нөлөө бүхий байр суурьтай байсан нь нөлөөлсөн гэдэг. Түүнийг хоёрдугаар сард гадаадын хүчнүүдтэй хуйвалдан хамтран ажилласан хоёр зүйл анги, үймээн самуунд уриалсан материал нийтэлсэн нэг зүйл ангиар буруутган, нийт 20 жилийн хорих ял оноожээ.
Вашингтон зургадугаар сард Хятадын эрх баригчдад баривчлагдсан Мьянмарын эрдэмтэн, АНУ-ын иргэн Мин Зинийг наймдугаар сард “хууль бусаар хоригдож байгаа” гэж тодорхойлсон байна.