
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос эмэгтэй сагсан бөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Германы Берлин хотод зохион байгуулж байна. Шөвгийн наймд өрсөлдөх эрхийн төлөөх сүүлийн тоглолтууд болж, найман баг бүрэн тодорлоо.
БНХАУ-ын шигшээ баг Пуэрто Рикогийн багийг 75:72-оор хожиж, шилдэг найман багийн нэг боллоо. Хоёр багийн тоглолт олон онооны зөрүүгүй үргэлжилсэн. БНХАУ-ын Хан Шю 21 оноог авч багаа тэргүүлсэн бол Зы Жань 13 оноог авлаа. Харин Пуэрто Рико багийн Тринити Сан Антонио 24 оноог авч самбараас есөн таслалт хийж багийн тоглогчдоо тэргүүлсэн.
Мөн Австралийн баг Италийг 82:80-аар хожиж наймд үлдлээ. Италийн баг 26 оноог гүйцэж тоглолтын төгсгөлийн минутад 77:77 болгон тэнцүүлсэн ч ялагдлаа.
Шөвгийн наймд БНХАУ-ын баг Францтай тоглоно. Мөн шөвгийн наймын сүүлийн эрхийг авсан Австралийн багийг Испанийн хүчирхэг баг хүлээж байна.
Берлин хотод болж буй 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнөө шөнө болж хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно.