
Айсуй өөрчлөлтийн өмнөх эргэлтийн цэг хэмээн шинэ оныг тодорхойлж болох нь.
Зөвлөх үйлчилгээний “Eurasia group”-ийг үндэслэгч, Колумбын их сургуулийн профессор Иан Бреммер, судлаач Клифф Капчан нар уламжлал ёсоор оны эхэнд геополитикийн эрсдэлийн жагсаалтаа танилцууллаа. Биелэх магадлалын тухайд нэр алдар нь түгсэн зөнч нарын бошгоос ч илүү онодог болохоор тэдний зөвлөх үйлчилгээ нь бодлого тодорхойлогчдын дунд эрэлт ихтэй. 2026 оны тухайд дэлхийн геополитикт тогтворгүй байдлыг хэвийн зүйл мэтээр хүлээн зөвшөөрч эхэлнэ хэмээн тэд дүгнэж буй. Өмнө нь геополитикийн эрсдэл гэдэг тодорхой бүс нутаг, шалтгаан нөхцөл нь ил цагаан сөргөлдөөнтэй холбогддог байв. Харин одоо эрсдэл илүү системийн шинжтэй болж, улс төр, эдийн засаг, технологи, байгаль орчны асуудал дагуулах аж.

2026 оны гол эрсдэлээр АНУ-ын ардчиллын хэм хэмжээ, хяналт хамгаалалт суларч өөрчлөгдөх хувьсгалыг нэрлэлээ. Доналд Трамп анхны бүрэн эрхийн хугацаагаа бодвол Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хязгаарлалтыг арилгах замаар засаглалын механизмыг бүрэн төвлөрүүлэхийг оролдож байгаа нь АНУ-ын дотоод улс төр дэлхийн эрсдэлийн гол хүчин зүйлээр нэрлэгдэхэд хүргэж буй. Сонгууль, намын туйлшрал, институц хоорондын итгэл алдагдал нь нэгдсэн улсын гадаад бодлогыг улам бүр тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй болгосон. Өмнө нь Цагаан ордны эзэд солигдсон ч АНУ дэлхийн дэг журмыг тохинуулагч байх үндсэн шугамаа хадгалдаг байсан. Харин одоо холбоотнууд нь амлалтад итгэхээ больж, өрсөлдөгчид сул талыг нь анахтай зэрэгцээд зах зээлийн бодлого ч мөнхийн савалгаатай. АНУ өөрөө дэлхийн дэг журмыг зөрчиж эхэлснээр хойшид улс төрийн ямар системтэй болохыг урьдчилан таамаглахад бэрх болж буйг анхаарууллаа.
Eurasia Group олон жил “G-Zero world буюу манлайлагчгүй дэлхий” хэмээх ойлголтыг анхааруулсаар ирсэн. Харин 2026 онд энэ нь таамаг биш, бодит байдал болох аж. АНУ-ын дотоод улс төр хурцдаж, Хятадын эдийн засгийн дарамт улам бүр нэмэгдэн, Европын улстөрчид санал хуваагдах зуур ОХУ-ын хүчний бодлого тэлсээр дэлхийн геополитикт маргаан сөргөлдөөнийг зохицуулах төв үгүй болж байна. Энэ нь шууд дэлхийн дайнд хүргэнэ гэсэн үг биш. Харин жижиг зөрчил хурдан тэлж, хүчний бодлого “түр зуурын шийдэл” мэт харагдах эрсдэлийг нэмэгдүүлэх юм.

Итгэл эвдэх AI
Хэрэглээг хялбарчлан олон асуудлыг шийдэх гарц болсон ч хиймэл оюун ухаан 2026 онд технологийн асуудал биш, нийгмийн итгэлийн асуудал болж хувирна. Мэдээллийн үнэн байдал бүдгэрч, улс төрийн манипуляци хялбаршин олон нийтийн орон зай улам бүр эмзэгшиж байна. Хэрвээ зохицуулалт нь хоцорвол AI нь хэрэглэгчдэд биш, нийгмийн суурь бүтцэд аюул учруулна.
Мөн хиймэл оюун төсөөлсөн шиг богино хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээлтийг хангаж чадахгүй. Хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалтын дараа ч хамгийн дэвшилтэт загварууд хүний бодит боломжид дөхөж очтлоо хол.

Донрогийн номлол дор
Трампын засаг захиргаа дэлхийн цагдаа болохыг хүсэхгүй байгаа ч Америкийн өөрийн “хашаанд” шууд хяналт тавихыг зорьж байна.
Цагаан ордны зүгээс бөмбөрцгийн баруун хагаст эрх мэдлээ тогтоохын тулд XIX зууны Монрогийн номлолыг сэргээж, дахин тайлбарлах болсон. Америк тивд гаднын хүчнүүдийг халдахаас сэрэмжлүүлсэн хоёр зууны өмнөх үзэл баримтлалаас ялгаатай нь Трампын хувилбар ойрын хөршүүдэдээ төмөр нударга үзүүлэх байдлаар хэдийнэ илэрсэн. Нэгэнт татварын бодлого нь явцгүй болсон учир АНУ одоо цэргийн ноёрхлыг илүүтэй ашиглана. Венесуэлийн Ерөнхийлөгчийг хар тамхины хэргээр яллаж дөнгөхөөр зориг шулуудсан Донрогийн номлолын дараагийн бай нь Колумб, Куба, Никарагуа төдийгүй Европт дөт Гринланд ч болох эрсдэлтэй.

Хятад: Дефляцын занга
Дотоодын эрэлт сул, үл хөдлөхийн зах зээл хямралтай, үнийн уналт үргэлжилж буй нөхцөлд Бээжин гадаад экспортоо нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөө хадгалах замыг сонгох магадлал өндөр. Хятадын дефляцийн эргэлт 2026 онд улам гүнзгийрэх ч Бээжин үүнийг зогсоох дорвитой алхам хийхгүй. Учир нь 2027 онд ХКН-ын ХХI их хурал болох тул Ши Жиньпин улс төрийн хяналт, технологийн ноёрхлыг хэрэглээний өдөөлт болон бүтцийн шинэчлэлээс илүү чухалчлах нь лавтай.
Хятадын хямд бүтээгдэхүүний давалгаатай зэрэгцэн улс орнууд худалдааны хамгаалалтын бодлогоо чангатгаж, татварын дайн даамжрах шалтгаан болно.

Технологи: Давуу тал биш, хамаарал
2026 онд технологи эдийн засгийн салбар байхаа больж, геополитикийн үндсэн талбар болно. Өнгөрсөн жилүүдэд худалдааны маргааны аян шалтаг болж байсан хиймэл оюун ухаан, чип, батарей, цахилгаан автомашин зэрэг нь одоо үндэсний аюулгүй байдлын асуудал болсон. Хятад улс энэ шилжилтийг эрт ойлгож, үйлдвэрлэл–зах зээл–төрийн бодлогыг нэг чигт зангидсанаар илүүрхэж эхэлсэн. Харин барууны орнууд технологийг хэтэрхий удаан зах зээлийн логикоор авч үзсэний уршгаар давуу талаа алдах эрсдэлтэй нүүр тулжээ. Одоо хэн илүү AI хөгжүүлэх вэ гэдэгт биш, харин хэн стандарт тогтоон өгөгдлийг хянаж, хамаарал үүсгэх вэ гэдэг гол асуудал болж байна.

Бүслэгдсэн Европ
Украины дайн Европыг нэгтгэнэ гэсэн итгэл улам бүр бүдгэрсээр. Франц, Герман дотоод асуудалдаа илүүтэй төвлөрч, Их Британи холбооноос гадна үлдсэн бол Зүүн Европ илүү хатуу бодлого шаардаж буй энэ нөхцөлд Европ стратегийн нэгдмэл дуу хоолой гаргаж чадахгүй нь тодорхой. Батлан хамгаалах салбар нь АНУ-д найддаг, эрчим хүчний хувьд гадаад зах зээлээс хэт хамааралтай буурал Европын улс төрийн манлайлагчийн суудал эзгүйрсээр арван жил өнгөрлөө. Дотооддоо нэр хүнд муутай Франц, Герман, Их Британийн Засгийн газрууд хэт баруун жигүүрийн эсвэл популист зүүний үзэлтнүүдийн бүслэлтэд хэдийнэ орсон. Энэ жил ерөнхий сонгууль болохгүй ч тэргүүлэгч гурваас дор хаяж нэг улсын удирдагч суудлаас бууж мэднэ. Аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн гурван фронтод зэрэг шахагдаж буй Европоос АНУ нүүрээ буруулбал өөрийгөө хамгаалж чадах уу гэдэгт одоохондоо хариулт алга.

Геополитикийн зэвсэг-Ус
Eurasia Group-ийн тайланд дутуу үнэлэгдсэн атлаа хамгийн анхаарал татах ёстой эрсдэл бол ус юм. Хүн амын өсөлт, хурдацтай хотжилтын нөлөөгөөр хүн төрөлхтний тал хувь нь жилд дор хаяж нэг сарын турш усны хомсдолтой амьдарч байгаа өнөө үед цэнхэр алт хэдийнэ уур амьсгалын асуудал биш геополитикийн хямрал болж хувирсан. Ялангуяа хил дамнасан гол мөрний асуудал дипломат маргаан үүтгэж, улс орны дотоодод тогтворгүй байдал, зэвсэгт мөргөлдөөнд хүргэх эрсдэлтэй.
Ус ашиглалт дээр олон улсын тоглоомын дүрэм бараг байхгүй. Газрын тосны олборлолтыг ОПЕК залж, цөмийн зэвсгийн хяналтыг ч дэлхий нийт хамтын удирдлагаар шийддэг. Харин усны асуудалд итгэлцэл л гэж бий, тэр нь өдгөө нуран унаж байна. Eurasia Group-ийн дүгнэлтээр, 2026 он бол усны асуудалд хамтын засаглал бий болох уу, эсвэл улс бүр өөрийн эрх ашгаар “крантаа хаах” уу гэдгийг шийдэх зааг аж.

Оросын зэрэгцээ фронт
2026 онд Оросын стратеги Украины хилээр хязгаарлагдахгүй. Цэрэг зэвсгийн мөргөлдөөнөөс гадна Европын дотоод задралыг ашиглан эрчим хүч, кибер орон зайд нөлөөлөх, сонгуульд хөндлөнгөөс оролцох, НАТО-гийн эв нэгдлийг сулруулах зэргээр илүү урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлнэ.
Ийнхүү сүүлийн арван жилд хуримтлагдсан геополитикийн зөрчил, дотоод улс төрийн туйлшрал, технологийн хэт хурдтай хөгжил хийгээд уур амьсгалын дарамт 2026 онд нэг дор огтлолцож байна. Eurasia Group-ийн онцолж буй эрсдлүүд бол гэнэтийн сүйрлийн жагсаалт биш. Харин ч эсрэгээрээ бидний аль хэдийнэ мэдэрч эхэлсэн чиг хандлагууд эргэлтийн цэгтээ хүрч, буцах замгүй болсны дохио юм.