
Энэхүү жагсаалыг Жасинта Нгобесе-Зумагийн удирддаг "March and March" хөдөлгөөн тэргүүтэй цагаачлалын эсрэг 20 гаруй иргэний нийгмийн бүлгүүдийн эвсэл зохион байгуулжээ. Тэд бичиг баримтгүй бүх цагаачдыг 6-р сарын 30-ны дотор тус улсыг орхин гарах шаардлага тавьсан юм. Жагсаал зохион байгуулагчид бичиг баримтгүй цагаачдыг улсын үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгэж, нутгийн иргэдийн ажлын байрыг булааж байна гэж буруутган, олон нийтийн бухимдлыг өдөөжээ.
Үүний улмаас олон мянган гадаадын иргэд сандарч, гэр орноо орхин зугтах эсвэл төрийн байгууллагуудын ойролцоо орогнох газар хайхад хүрсэн байна. Мөн Өмнөд Африкийн засгийн газраас жагсаал болохоос өмнөх өдрүүдэд 12,000 гаруй цагаачийг (голдуу Малави, Зимбабве улсын иргэд) албадан гаргасан гэж мэдэгдэв.
Тус улсын бүх 9 мужид нийт 120 орчим албан ёсны жагсаал болж, мянга мянган хүн оролцсон байна. Баривчлагдсан 900 гаруй хүний 300 нь цагаачлалын хууль тогтоомж зөрчсөн бичиг баримтгүй иргэд байжээ. Үлдсэн хүмүүс нь олон нийтийн дунд хүчирхийлэл үйлдсэн, тонуул хийсэн, аж ахуйн нэгжүүдийг дээрэмдсэн эсвэл бичиг баримтгүй ажилчдыг нуун дарагдуулсан хэргээр баривчлагдсан жагсагчид болон нутгийн оршин суугчид аж.
Хэдийгээр жагсаалын дийлэнх хэсэг тайван замаар өрнөсөн ч 12 жагсаал нь эмх замбараагүй байдал дагуулж хууль сахиулагчидтай мөргөлдөхөд хүргэсэн байна.
"March and March" хөдөлгөөнийхөн хилийн хяналтыг чангалах шаардлагыг нь биелүүлэх хүртэл пүрэв гараг бүр жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Үүний хариуд Гаутенг мужийн захирагч Паняза Лесуфи аюулгүй байдлын хүчнийг 27 эрсдэлтэй цэгт хэвээр үлдээж, байдлыг улам даамжруулахгүйн тулд жагсаал зохион байгуулагчидтай хоёр өдрийн хэлэлцээ хийж, асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг хичээж байна гэв.