
Монголын үндэсний олимпын хорооноос “Олон улсын олимпын өдөр”-ийг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Олимпын өдөр-Хамтдаа хөдөлцгөөе” өдөрлөгийг зургаадугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр хөгжөөнт гүйлт, дугуйн тэмцээн, тамирчдын чөлөөт уулзалт, спорт холбоодын үзүүлэх тоглолт, спортын танилцуулга зэргийг хийнэ. Тус өдөрлөг олимпизмын үнэт зүйлс болох нөхөрлөл, хүндлэл, шилдэг чанарт тэмүүлэх үзлийг хамтдаа түгээж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой.
1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпын наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байв. Тиймээс орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. Харин 1948 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар дугаар сарын 23-ныг “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэж иржээ. Энэхүү өдөр дэлхийн өнцөг булан бүрд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг.