
Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т нь гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Т.Э нараас нийт 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Н.Т нь гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Т.Э нарын гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас барааг даруй гаргах зөвшөөрөл олгуулах зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгч байсан байна.
Тэрээр 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2025 оны гуравдугаар сарын 22-ны хооронд Д.С-аас 18 удаагийн үйлдлээр 52.5 сая төгрөг, Т.Э-аас 9 удаагийн үйлдлээр 36 сая төгрөг, нийт 27 удаагийн үйлдлээр 88.5 сая төгрөгийн хахууль авсан гэж прокурорын байгууллага мэдээллээ.
Харин Д.С нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн 2,366 гаалийн мэдүүлгээ, Т.Э нь 1,274 гаалийн мэдүүлгээ түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авахын тулд Н.Т-д хахууль өгсөн байна.
Уг хэрэгт Н.Т, Д.С, Т.Э нарт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Дорноговь аймгийн Зам-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.