
Хятад, АНУ худалдааны түр эвлэрлийн хугацааг хоёр сараар сунгасан нь хоёр талд эдийн засаг, худалдааны асуудлыг шийдвэрлэхээр тохирсон хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид эдгээр чиглэлээр хэрхэн ахиц гаргах талаар хэлэлцэх боломж бүрдүүлнэ гэж Бээжин мэдэгдэв.
Хятадын Худалдааны яам худалдааны эвлэрлийг 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгасныг баталгаажуулахдаа энэ нь мөн хоёр орны компаниудын хамтын ажиллагаа болон идэвхтэй хэлэлцээг үргэлжлүүлэхэд “харьцангуй тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бодлогын орчин” бүрдүүлнэ гэж мэдэгджээ.
Худалдааны эвлэрлийг сунгасан нь өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотод болсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын энэ онд хийсэн хоёр дахь дээд хэмжээний уулзалтын гол үр дүнгийн нэг байв.
Хоёр талын байгуулахаар тохирсон худалдааны зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлэх эхний алхмуудын нэг нь 30 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд харилцан ногдуулах тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэх явдал юм. Энэ нь хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой байлгах зорилготой.
Мөн энэ нь Хятадын холбогдох бүтээгдэхүүнийг АНУ-д экспортлоход илүү таатай нөхцөл бүрдүүлнэ гэж Хятадын Худалдааны яам мэдэгдэв.
Хоёр орны эдийн засаг, худалдааны багууд боломжит хөрөнгө оруулалт, тулгарч буй саад бэрхшээлүүдэд анхаарч, бодлогын ил тод байдал, урьдчилан таамаглах боломжийг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үндэслэлтэй асуудалд хариу өгөх чиглэлээр тогтмол яриа хэлэлцээ хийх ажээ.
Хөдөө аж ахуй ба нүүрс
Хоёр улс мөн худалдааны зөвлөлийн дэргэд хөдөө аж ахуйн ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Тус ажлын хэсэг оны эцсээс өмнө анхны уулзалтаа хийж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хоёр талын зах зээлийн хүртээмж болон зохицуулалтын асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар 2027, 2028 онд Хятад улс АНУ-аас нүүрс импортлох тухай тохиролцоонд хүрсэн байна.
“АНУ-аас нүүрс импортлох нь Хятадын дотоодын нүүрсний зах зээлийг ашигтайгаар нөхөхөөс гадна АНУ-ын нүүрсний салбарт тогтвортой орлого, ажлын байр бий болгоно” гэж Хятадын Худалдааны яам мэдэгджээ.
Хиймэл оюун ухаан, санхүүгийн байгууллагууд болон шууд нислэг
Хиймэл оюун ухааны асуудлаар хоёр тал осол, эрсдэлийн тохиолдлын талаар мэдээлэл солилцох харилцааны суваг байгуулахаар тохиролцож арваннэгдүгээр сарын эцэс гэхэд дараагийн хэлэлцээг хийхээр болжээ.
Мөн Хятад улс гадаадын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, тэр дундаа АНУ-ын хөрөнгө оруулалттай байгууллагуудыг Хятадад үйл ажиллагаа явуулах, салбар нээх зөвшөөрөл олгох асуудлыг судалж, шийдвэрлэх аж.
Түүнчлэн Хятад, АНУ-ын хоорондох нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудлаар үргэлжлүүлэн харилцан зөвшилцөхөөр болсон гэж Хятадын Худалдааны яам мэдэгдэв.