
Ромын пап XIV Лео лхагва гарагт Ватиканы төлөөлөгчийн ордонд ая зохиогч, Нобелийн шагналт дуучин Боб Диланыг хүлээн авч уулзжээ. Уг уулзалт нь Диланы Италид хийж буй аялан тоглолтын хүрээнд Ром хотод саатах үеэр болсон бөгөөд АНУ-ын Баруун болон Дундад нутгаас гаралтай хоёр эрхмийн уулзалт богино хугацаанд үргэлжилсэн байна.
Өдгөө 85 настай Боб Дилан хар өнгийн хувцас, юүдэнтэй цамц, бээлий өмсөж, шүхэр барьсан байсан нь пап XIV Леогийн ёслолын цагаан хувцаснаас эрс ялгарч байв. Уулзалтын үеэр пап лам дуучинд эрхи бэлэглэсэн бол Дилан өөрийн намтарчилсан "Chronicles: Volume One" номыг гардуулжээ. Тэрбээр өнөөдөр Ром хотын "Palazzo dello Sport" ордонд тоглолтоо хийх юм. Энэ нь дуучны Италийн хэд хэдэн хотод хийхээр төлөвлөсөн "Rough and Rowdy Ways" аялан тоглолтын нэгээхэн зогсоол билээ.
Пап XIV Лео өмнө нь бичсэн номынхоо өмнөтгөлд Диланы 1963 онд зохиосон ч албан ёсоор бичлэг хийгдэж байгаагүй цөмийн зэвсгийн эсрэг "Go Away You Bomb" дууны үгийг эш татаж байжээ. Хүйтэн дайны үед бичигдсэн уг дууны гар бичмэл 2013 онд ил болж, дуудлага худалдаанд тавигдсан түүхтэй. Энэ нь Дилан болон папын замнал огтлолцож буй анхны тохиолдол бус юм. Тэд 1997 онд Италийн Болонья хотод болсон Католик залуучуудын үндэсний их чуулганы үеэр анх уулзаж байв. Тухайн үед Дилан 300 мянга орчим хүний өмнө "Knockin’ on Heaven’s Door" зэрэг дөрвөн дуугаа дуулсан бөгөөд Ромын пап II Иоанн Павел түүний алдарт "Blowin’ in the Wind" дууны үгийг мөн номлолдоо эш татаж байв.