
Манай парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ бол өмнө нь зам гаргасан чадварлаг эмэгтэй улстөрчид, иргэний нийгмийнхний олон арван жилийн уйгагүй тэмцлийн үр дүн юм.
Тэгвэл тэр их үнээр олдсон боломжийг эдэлж буй эмэгтэй гишүүд хэрхэн ажиллаж байгаа вэ. Тэдний ажлын үр дүнгээр дараа дараагийн бүсгүйчүүдийн боломжийг тодорхойлно гээд хэлчихэд буруудахгүй.
Монгол Улс 2023 онд Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчилж, холимог тогтолцоотой болгосон. Мөн парламентын гишүүдийн тоог ч 50-иар нэмсэн. Ингэхдээ тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна, мөн намын жагсаалтад хүйсээр эрэмбэлнэ хэмээн зохицуулсан билээ. Улмаар тойргоос найм, намын жагсаалтаар 24 эмэгтэй УИХ-д орж ирээд байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тэд нийгэмд өгөөжөө өгсөн ямар ажил хийв, яаж нөлөөлөв.
Азийн улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 23 байгаа. Манайх хэдийгээр үүнээс давсан ч хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэгтэй харьцуулахад тун хангалтгүй. 2015 онд НҮБ-ын гишүүн орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэнэ хэмээн заасан юм. Үүнээс хойш улстөрч эмэгтэйчүүд, иргэний нийгмийнхэн хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө тэмцсэн. 2005 онд нэг удаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт оруулж батлуулсан түүх бий. Гэвч 2008 оны сонгуулийн өмнө эл заалтыг эрэгтэй гишүүдийн санаачилгаар хүчингүй болгож байв.
Ингээд 18 жилийн дараа сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхтэй зэрэгцэн хүйсийн тэгш эрхийг хангахад Монгол Улс нэг алхам урагшилсан юм. 2024 оны сонгуулиар хэрэгжүүлсэн 30 хувийн квотыг 2028 онд 40 болгон шатлалтайгаар өсгөхөөр хуульд тусгаад буй. НҮБ-ын дээрх зорилтыг биелүүлэхэд бидэнд дөрөв хүрэхгүй жил үлдээд байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх тэмцэл үргэлжилнэ. 50 хувь хүртэл өсгөх нь шударга ёсонд нийцнэ. Африкийн болон Нордикийн зарим оронд парламентынх нь талаас илүү хувь хэдийнэ эмэгтэйчүүд болчихсон. Гэхдээ тэдний эгнээнд нэгдэхэд дэлхийн ихэнх оронд нийгмийн хандлага, соёл, шашин, хууль эрх зүй, санхүүгийн гээд олон саад бэрхшээл оршсоор байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квот тусгахаар хэлэлцэж байх үед нэгэн улс төр судлаач бүсгүй “Эхлээд оролцоогоо нэмэх хэрэгтэй. Үүний дараа чанар ярьж болно” гэж байв.
Өнгөрсөн сард манай улс Олон улсын эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг анх удаа эх орондоо зохион байгуулсан. Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 орчим албан ёсны төлөөлөгч “Эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд төлөөллөөс нөлөөлөлд хүргэх нь” сэдвийн дор чуулсан юм. Дэлхий даяар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ажил асар удаан ч ахисаар байгаа. Гэхдээ одоо зөвхөн тоо бус, чанар ярих ёстой хэмээн оролцогчид үзсэн юм. Тэд харилцан туршлага солилцож, шийдлээ ярилцсан. Төлөөлөл зайлшгүй шаардлагатай ч дангаар хангалтгүй гэдэгтэй санал нэгдэж, бодит нөлөөлөл үзүүлэхийн тулд эмэгтэйчүүд манлайлах албан тушаалд очих ёстой гэж дээрх чуулганаас үзсэн. Мөн шударга дэмжлэг үзүүлэхүйц орчин хэрэгтэй, үүний тулд олон улс хамтран ажиллах нь чухал гэжээ. Тогтвортой ахиц дэвшил гаргахын тулд өргөн хүрээний түншлэл, тасралтгүй хүчин чармайлт хэрэгтэй хэмээсэн байна. Тиймээс дэлхийн эмэгтэй парламентчид нэгдэж ажиллахаар болжээ.

Өнөөдөр дэлхийн улс орнуудын парламентын 27.5 хувийг л эмэгтэйчүүд эзэлж буй. Мөн эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай улс ердөө 28 байна. 101 орон шийдвэр гаргах дээд албан тушаалд эмэгтэйчүүдэд хаалт тавьсан хэвээр аж.
Тэгвэл дээд албан тушаалдаа эмэгтэйчүүдийг гаргадаггүй 101 орны нэг нь ардчилсан Монгол Улс. Манай улсад парламентын эмэгтэй спикер, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан түүх алга. Ардчилсан тогтолцоонд шилжээд 36 жил өнгөрөхөд нэг л удаа буюу 2013 онд “Шударга ёс” эвслээс Н.Удвал хэмээх эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байв. Төрийн тэргүүн нь зөвхөн эрэгтэй хүн байх ёстой гэсэн хуучинсаг, хэвшмэл ойлголтоосоо улс төрийн намууд, эрэгтэй улстөрчид ч салж чадаагүй явна. Мөн УИХ-ын даргыг бүрэлдэхүүн дотроосоо сонгодог. Гэтэл хэзээ ч эмэгтэй хүн санал болгож байсангүй. Парламент дахь бүлэг бүрээс нэг дэд дарга сонгодог учраас эл албан тушаалд бол эмэгтэйчүүд ажиллаж байсан, байгаа. Эмэгтэй Ерөнхий сайдтай болох ирээдүй ч алс. Улс төрийн намуудаас энэ бүхэн эхлэлтэй. Тэд намын даргаараа эмэгтэй хүн сонгосон цагт л Засгийн газрын тэргүүнээр бүсгүй хүн ажиллах нь. Хэдийгээр хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, бүсгүйчүүдэд өрсөлдөх үүд хаалга нээгдсэн ч намын дэмжлэг, санхүүгийн асуудал тулгамдсан хэвээр байгаа. Том эрх ашгийнхаа төлөө нэгдэж ажиллах тал дээр манай 32 эмэгтэй олигтой дүн авахгүй. Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг дөнгөж өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдаж, А.Ундраа гишүүнийг даргаараа сонгосон юм билээ. Бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орсон хойно нэг ийм бүлэг байгуулсан аж.
Мөн эмэгтэй гэхээр л гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэнд, боловсрол гэсэн хэдхэн асуудлыг “оноодог” хэвшмэл хандлага бий. Уг нь тэд ялгаагүй л бүх ард түмний төлөөлөл, улс орны нэгдмэл эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Олон улсын эмэгтэй парламентчдын чуулганы үеэр ч эмэгтэйчүүдийн нөлөөллийг төсөв, улсын стратеги боловсруулах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зэрэг “том” асуудалд нь санал бодлоо тусгах, ажил хэрэг болгох эрхтэй талаар хөндөж байна лээ. Парламент эдүгээ ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг батлах гэж мөн ч удаан “дуншлаа”. Эдгээр хэлэлцүүлэгт анхаарч дуугарч, ажил хэрэгч санал гаргаж буй эмэгтэй гишүүн нь Ж.Баярмаа. АН-аас жагсаалтаар сонгогдсон эл эмэгтэй 2025 оны төсвийн төслөөс эхлээд ажил хэрэгчээр санал шүүмжлэлээ хэлж, олон нийтийн анхааралд асуудлыг оруулж, шийдвэрт тодорхой нөлөө үзүүлж чадсан. Төсвийн үргүй зардлаас хасуулсан гэсэн үг. Эдийн засагч мэргэжилтэй Б.Жаргалан гишүүн бас санал шүүмжлэлээ хэлдэг. Өөрөөр тоймтой дуугарч байгаа, зарчмын зөрүүтэй санал гарган нөлөөлж ажиллаж буй хүн бараг үгүй. Тэгвэл ядаж “хуваарилагдсан” асуудлаараа эмэгтэйчүүд дуугардаг уу. Нийгмийг цочроосон ноцтой гэмт хэрэг олон гарахад эмэгтэй гишүүд үзэл бодлоо илэрхийлэх байх гэж хүлээдэг. Гэвч олонх нь таг. Тэд ард түмний гэхээс илүү, бүлэглэлийнхээ төлөө л нэгддэг болсон. 2025 оны аравдугаар сард УИХын дэд дарга Х.Булгантуяа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахын тулд Үндсэн хууль зөрчиж, ирц бүрдээгүй чуулганыг цаг сунгасан, хуулийн бус томъёоллоор санал хураалгасан. Нэг бүлэглэлийн төлөө бүхнээ өгөхөөс ч буцахгүй МАН-аас жагсаалтаар голдуу сонгогдсон ийм хэдэн эмэгтэй бий. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн төлөө бол тэд хэзээ ч ингэж дуугарсангүй, нэгдсэнгүй.
Ёс зүйн наад захын шалгуур хангадаггүй, увайгүй, бүдүүлэг хандлага эмэгтэй гишүүдээс л гардаг. ИЗНН-ын М.Нарантуяа-Нара бол иргэдээ элдвээр доромжлон гутаадаг, парламентын нэр хүндийг шаланд хүртэл унагаж яваа нэгэн. Эрүүл, эсэхэд нь эргэлзмээр ийм хүн өмнө нь арай ч парламентын түүхэнд байгаагүй юм. АН-ын жагсаалтын гишүүн Ц.Мөнхтуяа түүнээс нэг их дутахгүй. Нийгмийн сүлжээгээр бусдыг заналхийлсэн лайв, пост хийдэг хүн. Бүрэн эрхийнх нь хугацаа талаасаа өнгөрсөн ч хэлд ордоггүй, товчлуур дарахаас өөр үүрэггүй М.Сарнай гэж Үндэсний эвслээс жагсаалтаар сонгогдсон гишүүн бий. ХҮН намын байгаа, үгүй нь мэдэгддэггүй хэдэн эмэгтэйг ч дурдаж болно.
Энэ мэтээр хэдэн эмэгтэйн олонх нь товчлуур дарах, “эзнээ” хамгаалахааас өөр үүрэггүй байна. Ялангуяа жагсаалтаар сонгогдсон эмэгтэйчүүдийн ур чадвар, туршлага, мэдлэг, харилцаа хандлага үнэхээр хангалтгүй байгааг бид өнгөрсөн хоёр жил гаруйн турш харлаа. Тэд ард түмнийг төлөөлөх үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Иргэдийн амьдралд бодит өгөөжөө өгсөн хуулийн төсөл санаачилсан нь ч хуруу дарам. Батлуулсан тохиолдол ч бараг алга. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмснээр төрөөс бодит, уян хатан шийдвэр гаргадаг, авлига буурдаг гэх мэт олон эерэг судалгаа бий. Гэвч манай парламентад олон эмэгтэй гишүүн нь үндсэн үүргийнхээ биш, бүлэглэл, эзнийхээ төлөө л нэгдэж буй нь харамсалтай. Тэдний үзүүлж буй хандлага, нийгмийг талцуулахад оруулж байгаа хувь нэмэр, зан харилцаа нь “Эмэгтэйчүүдийг УИХ-д сонгох хэрэггүй юм байна” гэсэн сөрөг ойлголт, мэдээллийг л иргэдэд өгч байгаа нь эмгэнэл юм. Тэгэхээр манай УИХ-ын эмэгтэй гишүүдийн тухайд оролцооноос цааш нөлөөлөл ярих чадамж алга. Намын жагсаалтад даргын үзэмжээр биш, нийт гишүүнийхээ саналаар эрэмбэлж, шалгуур тогтоохгүй бол өнөөдрийн парламент шиг эрчүүдийнхээ “гар хөл болдог”, өөрийн толгойгүй голдуу хэдэн эмэгтэй орж ирж, төлөөллөөс нөлөөлөлд хүрэх бүсгүйчүүдийн тэмцлийг хэдэн аравнаар гацаах нь. Бас парламентын нэр хүнд ч сэргэхээргүй болж мэднэ.
С.Туул