
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоо худалдааны санал болгосон хэлэлцээрийн нөхцөлийг биелүүлэхгүй бол тарифаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж, эцсийн хугацааг 7-р сарын 4 хүртэл сунгаснаа зарлалаа.
Трампын энэхүү мэдэгдэл нь Урсула вон дер Лейентэй хийсэн, өөрийнх нь хэлснээр “маш сайн утасны яриа”-ны дараа гарсан юм.
Тэрээр Truth Social платформ дээрээ “Бидний Шотландын Тернберрид байгуулсан түүхэн худалдааны хэлэлцээрийн дагуу ЕХ өөрийн үүргээ биелүүлэхийг би тэвчээртэйгээр хүлээж байна. Энэ бол урьд өмнө байгаагүй хамгийн том худалдааны хэлэлцээр!” хэмээн бичсэн байна.
27 гишүүнтэй Европын Холбоо уг худалдааны хэлэлцээрийг хараахан эцэслэн батлаагүй байгаа юм.
Трамп “ЕХ хэлэлцээрийн дагуу тарифуудаа тэг болгож бууруулна гэж амласан. Би манай улсын 250 жилийн ойн өдөр хүртэл хугацаа олгохоор зөвшөөрсөн. Үгүй бол тэдэнд тавих тариф нэн даруй илүү өндөр түвшинд хүрнэ” гэжээ.
Мөн Европын Холбоо хэлэлцээрийн нөхцөлийг мөрдөхгүй байна хэмээн буруутгаж, ЕХ-ны автомашин болон ачааны автомашинд ногдуулах тарифыг 15 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж сүрдүүлсэн байна.
Европын Автомашин үйлдвэрлэгчдийн ассиоциацийн мэдээлснээр автомашины салбар нь АНУ болон Европын Холбооны нийт худалдааны 8 хувийг бүрдүүлдэг аж.
Анхны хэлэлцээрийн нөхцлийн дагуу АНУ Европын Холбооноос импортлох ихэнх бараанд 15 хувийн татвар ногдуулах байсан нь ачааны машинд хамаарахгүй байжээ.
Гэвч АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрээс хойш Трампын засаг захиргаа худалдааны тэнцвэргүй байдал болон үндэсний аюулгүй байдлын асуудлыг шалгаж байх хугацаандаа 10 хувийн тариф ногдуулж эхэлсэн бөгөөд алдагдсан орлогыг нөхөх шинэ тарифуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Трампын хэлснээр хоёр удирдагч мөн Ираны асуудлыг хэлэлцсэн бөгөөд Техран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.