
Хүүхэдтэй харилцаж ажилладаг хүмүүс өмнө нь бэлгийн гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгах шинэ тогтолцоог нэвтрүүлэх тухай хууль Японд арванхоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.
Их Британийн Гэмт хэргийн бүртгэл ил болгох, ажил эрхлэхийг хориглох албаны (Disclosure and Barring Service — DBS) загвараас санаа авсан уг тогтолцоонд сургууль, тусгай зөвшөөрөлтэй хүүхдийн цэцэрлэгүүд заавал хамрагдах юм.
Мөн хүүхэд болон эцэг эхчүүдийн санаа зовнилыг бууруулах зорилгоор бэлгийн хүчирхийлэл гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хуульд тусгажээ.
Гэвч Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлаг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх гэмт хэргийн бүртгэл шалгах системд аюулгүй байдлын эмзэг байдал илэрсэн тул нэвтрүүлэх хугацааг хойшлуулснаа мэдэгдсэн байна. Үүний оронд бичгээр баримт бичиг солилцох зэрэг түр журам хэрэгжүүлэх бөгөөд энэ талаар арванхоёрдугаар сарын эхээр зарлах аж.
Японы Гэмт хэргийн бүртгэл ил болгох, ажил эрхлэхийг хориглох тогтолцооны хүрээнд байгууллага, ажил олгогчид агентлагаар дамжуулан Хууль зүйн яаманд хүсэлт гаргаж, тухайн хүн бэлгийн гэмт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгуулах боломжтой. Шалгалтын хариунд зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орох, хүүхдийн бэлгийн мөлжлөг, бусдыг нууцаар ажиглах зэрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тусгасан баталгаажуулалтын мэдэгдэл олгоно.
Хэрэв тухайн хүн өмнө нь бэлгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол одоо ажиллаж буй ажилтныг хүүхэдтэй харилцах шаардлагагүй өөр ажилд шилжүүлэх бол шинээр ажилд авахаар санал болгосон хүний ажлын саналыг буцаах юм.
Бага, дунд болон ахлах сургууль, тусгай зөвшөөрөлтэй хүүхдийн цэцэрлэг, хүүхэд хамгааллын байгууллагууд уг тогтолцоонд заавал хамрагдана.
Тус агентлагийн мэдээлснээр улсын хэмжээнд багш, цэцэрлэгийн ажилтан, хүүхэдтэй тогтмол харилцдаг захиргааны ажилтан, сургуулийн автобусны жолооч зэрэг нийт 2.8 сая орчим хүнийг энэ хөтөлбөрт хамруулах аж. Харин элсэлтийн сургалтын төв, спортын клуб болон түүнтэй адил төстэй байгууллагууд сайн дурын үндсэн дээр хамрагдана. Шинэ тогтолцооны тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд эдгээр байгууллага төрөөс гэрчилгээ авах боломжтой.
Мөн бэлгийн хүчирхийлэлд хүргэж болзошгүй зохисгүй үйлдлийг тодорхойлж, ажилтнууддаа таниулахыг хуульд заажээ. Энэ нь анх удаа бэлгийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг юм. Тус агентлаг зохисгүй үйлдлийн жишээнд хүүхэдтэй ганцаараа байх, олон нийтийн сүлжээгээр хувийн журмаар харилцах, шаардлагагүйгээр биед нь хүрэх зэргийг дурджээ. Түүнчлэн байгууллагууд ажилтнууд болон хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө, гомдол хүлээн авах үйлчилгээг бий болгож, ажилтнуудаа сургалтад хамруулах үүрэгтэй болно.
Боловсролын яамны мэдээлснээр 2024 оны санхүүгийн жилд улсын сургуулийн 281 багш бэлгийн гэмт хэрэг болон бэлгийн шинжтэй зүй бус үйлдэл гаргасныхаа төлөө сахилгын болон захиргааны шийтгэл хүлээжээ. Энэ үзүүлэлт 2023 оны санхүүгийн жилд хүрсэн дээд хэмжээнээс 39-өөр буурсан хэдий ч багш нарын бэлгийн зүй бус үйлдлийн тохиолдол үргэлжилсээр байна.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэргээр мэргэшсэн хуульч Кэй Хида шинэ тогтолцоо нь “хүүхэд болон эцэг эхчүүдэд аюулгүй байдлыг мэдрэхэд тусална” гэж хэлжээ. Тэрбээр юуны өмнө шинэ тогтолцооны зорилго, хэрэгжүүлэх механизмыг олон нийтэд ойлгуулж, бэлгийн хүчирхийлэл гэж юуг хэлэх талаар ажлын байранд нэгдсэн ойлголт бий болгох нь чухал гэдгийг онцолсон байна.