Өнөөдөр мөнгөний хэрэгцээ гарсан үед барьцаа хөрөнгө бүрдүүлж, банкны зээл хүлээх шаардлагагүйгээр гар утсаа хэд товшоод л зээл авах боломжтой болжээ.
Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед цахимаар зээл авах, цалин буухыг хүлээлгүй кредит картаа ашиглаж, зээлийн аппликейшнээр хэрэгцээтэй зүйлээ худалдан авах нь илүү хурдан хийгээд хялбар шийдэл мэт. Гэвч хүү, шимтгэл, эргэн төлөлтийн нөхцөлөө бүрэн ойлголгүй, өөрийн төлбөрийн чадварыг тооцоололгүй зээл авбал өнөөдрийн хэрэгцээ маргаашийн санхүүгийн дарамт болж хувирна.
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайлангаар, Банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) харилцагчдын тоо 2026 оны I улирлын байдлаар 4.3 саяд хүрч, зээлдэгчдийн тоо 3.5 сая болсон нь тус салбарын үйлчилгээ нийгмийн өргөн хүрээ хамарсныг нотолно. Үүний дотор финтек буюу цахим зээлийн суваг хамгийн өндөр өсөлттэй хэвээр байгаа бөгөөд өдгөө 82 ББСБ 77 аппликэйшнээр дамжуулан иргэдэд зээл олгож байна. Тухайлбал, зөвхөн аппликэйшнээр үйлчилгээ авч буй зээлдэгчдийн тоо дангаараа 3.2 саяд хүрчээ.
Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд III улирлын байдлаар нийт 811 мянган зээлдэгчийн есөн их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагийн 9.4 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч буй. Тэр дундаа цахим зээлийн чанаргүйдэл 11.4 хувьд хүрсэн нь салбарын дунджаас өндөр байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлээд байна.
СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
Улсын хэмжээнд иргэний эрх зүйн чадамжтай 2.3 сая иргэн байна. 2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаар ББСБ-уудын давхардаагүй зээлдэгчдийн тоо 811828 байна. Тэгэхээр 35.3 хувь нь ББСБ-ын харилцагч юм. Нийт салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ 9.4 хувь байгаа. Чанаргүй зээлийн хувь хэмжээ бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Өмнөх жилийн мөн үе буюу 2025 оны гуравдугаар улирлын байдлаар чанаргүй зээлийн хувь хэмжээ 8.9 хувьтай байсан бол энэ жилийн хувьд 0.5 хувиар нэмэгдээд байна.
ББСБ-ын хэрэглэгчдийн тоо давхардсан дүнгээр
2023 он 4.5 сая
2024 он 5.3 сая
2025 он 2.5 сая
2026 он 3.2 сая
Санхүүгийн
зохицуулах хороо
Давхардсан тоогоор хэдэн саяд хүрсэн эдгээр үзүүлэлтийн ард зээлийн хүртээмж нэмэгдсэн гэх эерэг хандлага бий ч иргэдийн өр төлбөрийг хянах, олон байгууллагаас зэрэг зээл авах эрсдэлийг бууруулах асуудал ч мөн хурцаар тавигдах болсон.
Зээл олгох үйл явц хялбаршихын хэрээр ББСБ-уудын зээлдэгчийн төлбөрийн чадварыг үнэлэх, давхар зээлээс сэргийлэх үүрэг, тэдгээрт тавих төрийн хяналт ч мөн адил чухал. Учир нь зохицуулалт сул байх нь иргэдийг нэг зээлээ нөгөөгөөр нөхөх, олон зээлтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оноос ББСБ-ын хэрэглээний зээлд өр, орлогын харьцааг 70 хувиар хязгаарласан бол 2024 оны арваннэгдүгээр сараас хэрэглээний зээлийн зохицуулалтыг өргөжүүлжээ. Улмаар 2025 онд өр, орлогын харьцааны хязгаарыг 60-аас 55 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцэж, ББСБ зээл олгох бүрдээ зээлдэгчийн төлбөрийн чадварыг тооцох шаардлагыг чангатгах чиглэлд өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн финтекийн зээлийн эрхийн хэмжээг өр, орлогын харьцааны тооцоонд багтаах, зээлийн хүү болон бусад нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, гурваас дээш байгууллагад зээл судлуулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн эрхийг автоматаар үүсгэхгүй байх зэрэг зохицуулалтыг хийсэн.
Гэвч журам, шаардлага батлах нь асуудлыг шийдэх эцсийн алхам биш. Тэдгээрийг ББСБ-ууд бодитоор хэрэгжүүлж байгаа эсэх, зээлдэгчийн мэдээллийг цаг тухайд нь солилцож байгаа эсэхэд хяналт тавих нь түүнээс дутахгүй чухал байлаа. Тухайлбал, зээлдэгч нэг байгууллагаас зээл авснаа бусад байгууллагаас нуух боломжгүй байхын тулд зээлийн мэдээлэл бодит цагийн горимоор шинэчилдэг байх шаардлагатай. Гэтэл өмнө нь ББСБ-ууд мэдээллээ бодит цагийн горимоор шуурхай бүртгүүлэх боломж хязгаарлагдмал байсан нь нэг иргэн хэд хэдэн байгууллагаас зэрэг зээл авах эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл болжээ. Үүнтэй холбогдуулан энэ төрлийн маргааны тоо өсөж, улмаар шүүхийн ачааллыг хүртэл эрс нэмэгдүүлсэн байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг
Аппликейшны зээл өгдөг банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгож байгаа хүнийхээ баталгаажуулалтыг сайн хийхгүй хэт их ашгийн төлөө улайрсан үйл ажиллагаа явуулаад алдаагаа төрөөр засуулж болохгүй. Шүүх дээр асуудал үүсэхэд гэрээг нь хүчинтөгөлдөр бус гэж үзээд банк бус санхүүгийн байгууллагуудад хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Ингэж байж хэтэрхий их ашгийн төлөө явахгүй, хэнд зээл олгох гэж байгаагаа сайн судалдаг болно. Одоо бол хэн нь мэдэгдэхгүй нэг хүн иргэний үнэмлэхнийхээ зургийг явуулахад л зээл олгочихоод байгаа юм. Тэр нь шүүх дээр очоод бөөн ачаалал болж байгаа.
Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудын зээлийн хүүгийн хэмжээнд тааз тогтоож өгсөн. Энэ таазыг сарын 4.5 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Хэрвээ 4.5 хувиас өндөр хувийн хүүтэй зээл олгосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, улмаар хүчингүй болгох арга хэмжээг авах аж.
Энэ шийдвэрийг 2026 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг даалгаад буй. ББСБ-ууд 4.5 хувийн зээлийн хүүгийн таазыг тогтоож өгсөн шалтгаан нь СЗХ-нд бүртгэлтэй 80 гаруй аппликейшнээр дамжуулан цахим зээл олгодог ББСБ-ууд дотор үйл ажиллагааны цар хүрээ жижиг байгууллагууд 4.5 хувиас дээш хүүтэй зээл олгож байсан нөхцөл байдал шалгалтаар тогтоогдсонтой холбоотой аж. Тодруулбал, өндөр хүүтэй зээл олгосон байж болзошгүй 20 орчим ББСБ-д шалгалт хийж, үр дүнгээс шалтгаалан зээлийн хүүгийн хязгаарыг тогтоож өгчээ. Энэ талаар СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн “Монгол Улсад Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар үндсэндээ зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Түүнээс дээш буюу сарын 4.5 хувиас дээш хүүтэй зээл олговол түүнийг мөнгө хүүлэлт гэж үзэх үндэслэлтэй. Тэгэхээр ломбард, ББСБ-ууд 4.5 хувийн зээлийн хүүг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд эхлэхээр хэт өндрөөр иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан, тулгасан зээлүүдийг хязгаарласнаар мөнгө тодорхой хэмжээнд хумигдана гэж үзэж байгаа” хэмээн мэдээлсэн юм.
Үүнээс гадна иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн бодит өртгийг багасгах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглох чиглэлээр зохицуулалтын орчныг өөрчлөхөөр ажиллаж байгаа аж. Ийнхүү эдгээр зохицуулалт хэрэгжиж эхэлснээр цахимаар давхар зээл олгож байгаа асуудал цэгцэрч, хүү буурч, шимтгэлийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зохицуулбал үр дүн нь жилийн эцсээр гарч эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Т.Жамбаажамц
Зээлийн бодит өртөг зөвхөн хүүгээр хязгаарлагдахгүй. Хүү харьцангуй бага мэт харагдавч нэмэлт шимтгэл, хураамжаас шалтгаалан иргэдийн төлөх нийт төлбөр өндөр байх тохиолдол бий. Зээлийн хүү нь санхүүжилтийн өртөг, эрсдэл болон зээл олгох үйл ажиллагааны зардлыг нөхөх үндсэн төлбөр учраас уг зардлыг өөр нэрээр давхардуулан зээлдэгчээс авах нь зохисгүй. Иймээс зээлийн хүүтэй давхардуулан шимтгэл, хураамж авахыг хориглох, зээлийн нийт өртгийг иргэдэд ил тод, ойлгомжтой, харьцуулж болохуйц байдлаар мэдээлэх эрх зүйн зохицуулалтын саналыг боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлээд байна.
Санхүүгийн үйлчилгээ цахимжиж, иргэдийн хэрэгцээнд улам ойртохын хэрээр түүнийг дагасан эрсдэл ч нэмэгдэж байна. Зээл авах үйл явц хялбаршихын зэрэгцээ бусдын хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүй зээл авах, хуурамч санал, амлалтаар иргэдийг залилан мэхлэх тохиолдол бүртгэгдэх болжээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй залилангийн хэргийн нэг хэсэг нь зээл, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой байна.
Тухайлбал, гэр бүлийн гишүүд нь тухайн хүний зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь ашиглаж, танин баталгаажуулалт хийлгэн зээл авсан тохиолдол гарч байгаа аж. Үүнээс гадна “зээл чөлөөлж өгнө”, “хугацаа хэтэрсэн зээлийг сунгаж өгнө”, “зээлийн эрх гаргаж өгнө” гэх зэргээр амлан иргэдээс их хэмжээний мөнгө авч залилах болжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж
Лайв сугалаа зохион байгуулах, Telegram-аар даалгавар өгч мөнгө авах, ажилд болон сургуульд оруулна гэж амлах, валют арилжаа, хандив тусламж нэрийдлээр мөнгө авах, автомашины сэлбэг худалдах, зээл чөлөөлөх, бусдын цахим хаягт нэвтэрч нэрээр нь зээл авах зэрэг аргаар иргэдийг залилж байна.
Эцэст нь, олон улсын туршлагаас харахад өрийн дарамтад орсон иргэдийг санхүүгийн хүндрэлээс гаргахын тулд зээлийн бүтцийг өөрчлөх, эргэн төлөлтийн хугацааг сунгах, тодорхой нөхцөлд хүүгийн төлбөрийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авдаг. Үүнд, зээлдэгч төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсон тохиолдолд өрийг нь улам нэмэгдүүлэх бус, эргэн төлөх боломжийг нь бүрдүүлэхэд анхаардаг. Харин манайд хугацаа хэтэрсэн зээлд торгууль, алданги, нэмэлт шимтгэл тооцож тухайн хүнийг улам бүр өрийн дарамтад оруулдаг тогтолцоо ажилласаар байна. Угтаа бол шийдвэр гаргагчид ББСБ болон зээлийн аппликэйшнүүд ингэж олшрохоос өмнө тодорхой дүрэм журмыг тогтоож, хяналт шалгалтыг эрчимжүүлэн, гаргасан шийдвэрээ хөрсөн дээр хэрэгжиж буй эсэхийг хянаж байсан бол асуудал энэ хүртэл даамжрахгүй байлаа.
Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, санхүүгийн хүндрэлд орж зээлээ төлж чадахгүй байгаа иргэний хэрэглээний зээлийн хугацааг 48 сар хүртэлх хугацаанд уртасгаж, сарын төлбөрөө бууруулах боломжтой болгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэхүү зохицуулалт нь зөвхөн арилжааны банкуудын зээлдэгчдэд л хамаарч, харин иргэдийг хамгийн ихээр туйлдуулж буй ББСБ болон аппликэйшнээр зээл авсан хүмүүст одоогоор хаалттай хэвээр байна.
Асуудал нэгэнт гаарч, иргэд олон давхар өрийн сүлжээнд унасны дараа л гаргаж буй Төв банкны энэхүү шийдвэр, түүний дутуу дулимаг хамрах хүрээ нь дахиад л “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчийн тод жишээ болж үлдэв.