
АНУ-ын тангарагтны шүүх Хятадын технологийн компани “Huawei Technologies”-ийг худалдааны нууц хулгайлах хуйвалдаан зохион байгуулсан, банкны залилан үйлдсэн хэрэгт буруутай гэж үзлээ. Тус компани утасгүй холбооны сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлдэг дэлхийн томоохон компаниудын нэг болон өргөжих явцдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн аж.
Түүнчлэн “Huawei”-г Иран, Умард Солонгос зэрэг АНУ-ын хоригт хамрагдсан орнуудад бизнес эрхэлсэн, хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд АНУ-ын төрийн албан тушаалтнууд болон банкуудад худал мэдээлэл өгсөн гэж буруутгажээ. Тус компанид холбогдох эрүүгийн хэрэг 2018 онд эхэлсэн. Дараа жил нь АНУ-ын Засгийн газар “Huawei”-г худалдааны хар жагсаалтад оруулж, тус компанийн АНУ-ын технологид нэвтрэх боломжийг хязгаарласан. Гэвч “Huawei” бизнесийн үйл ажиллагаагаа төрөлжүүлж, Хятадын хиймэл оюун ухааны салбараа хөгжүүлэх хүчин чармайлтын гол тоглогч болон гарч ирсэн тул энэ хэрэг тус компанийн бизнесийг сулруулж чадаагүй гэж шинжээчид үзэж байна.
Шүүх хурал хоёр сар гаруй үргэлжилж, прокурорууд 60 гаруй гэрч дуудсан бол өмгөөлөгчид 15 гэрч оролцуулжээ.
“Huawei” болон түүний харьяа гурван компанид зохион байгуулалттай гэмт хэргийн хуйвалдаан, банкны залилан, цахим залилан, хориг зөрчсөн үйлдэл, худалдааны нууц хулгайлах болон шударга ёсыг хэрэгжүүлэхэд саад учруулахаар хуйвалдсан зэрэг нийт 12 зүйл ангиар хэрэг үүсгэсэн байв. Компанийн өмгөөлөгчид АНУ-ын мөрдөн байцаагчид “Huawei”-гийн 200 мянга гаруй ажилтны цөөн хэд нь гаргасан тус тусын зөрчлийг ашиглан бодит байдал дээр огт байгаагүй томоохон хуйвалдааны тухай худал дүр зураг бий болгосон гэж мэдэгджээ.
Энэ хэрэг 2018 оны арванхоёрдугаар сард “Huawei”-гийн санхүү хариуцсан захирал бөгөөд компанийг үүсгэн байгуулагчийн охин Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад саатуулснаар ил болсон юм. Энэ нь АНУ, Хятад, Канадын хооронд дипломат хямрал үүсгэжээ.
АНУ-ын хоригийг зөрчин Иранаас ам.доллар шилжүүлэн авах, гаргах боломж бүрдүүлэхийн тулд “Huawei”-гийн Иран дахь бизнесийн үйл ажиллагааны талаар HSBC банкны ажилтанд төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр Мэн Ваньжоуг нууцаар яллагдагчаар татсан байв.
Тэрбээр АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэртэй бараг гурван жилийн турш тэмцсэний эцэст яллах ажиллагааг хойшлуулах гэрээ байгуулж, эх орондоо буцан баатар мэт угтуулжээ. Улмаар түүнд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон юм.
2018 оны яллах дүгнэлтэд “Huawei” компани Иран дахь бизнесийн харилцааныхаа талаар HSBC, Standard Chartered болон BNP Paribas банкуудад худал мэдээлэл өгсөн талаар дурджээ.
HSBC болон бусад банкууд “Huawei”-гийн Иран дахь бизнесийн талаар мэдэж байсан бөгөөд тус компанийн үйлчлүүлэгч болохын төлөө хоорондоо өрсөлдөж байсан гэж өмгөөлөгчид маргажээ.
“Huawei” компани 200 мянга гаруй ажилтантай бөгөөд дэлхийн 170 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг.