
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүл 673 дахь дугаараа уншигчдадаа хүргэлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулж байна.
НЭГ. Монгол хэмээх шагналын хүлэмж
Бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэдэг ч өдгөө төрийн хайрласан урам нь төмөр тэмдэг, баяр хүргэсэн өргөмжлөлөөр л хэмжигдэж байна. Ингэж Монголоо шагналыг хүлэмж болгож орхилоо. Тэнд төмөр медаль тарьж, түүнийг иргэд нь мэрж амьдарна.
Төрийн цол тэмдэг гэдэг хүндэтгэл мөн үү гэвэл мөн. Тиймдээ ч алдар нэр гэдэг утгатай дүйдэг. Гэвч нэртэй, цуутай хүн бүрийг “одон” болгож хувиргаад байх нь нэн зохисгүй явдал. Хийсэн үйл, бүтээсэн ажлынх нь эсрэг үг дуугарсан бүхний амыг одонгоор дарж, иргэд нь түүгээр үзэл бодлоо худалдах болсон эл цагт зарим хүндэтгэл нь эхнээсээ үнэгүйгээд хоцорч байгааг Та бид мэднэ. Тэгэхээр эх орноо шагналын хүлэмж болгохоос илүүтэй хавар бүр л хөндөгддөг төмсний үрийн асуудлаа шийдчихвэл ядаж хоосон төмөр мэрэхгүй юм даа.
Б.Алтанхуягийн "Алдарших дон" нийтлэлээс
ХОЁР. Ганц хүн намыг төлөөлөхгүй
Манай улсад гуравдагч хүчний намууд парламентад төлөөлөлтэй болж, бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн түүх ховор. 2012- 2016 оны парламентад “Шударга ёс” эвсэл 11 суудал авч, анхны бөгөөд одоогоор сүүлийн удаа бүлэг байгуулан ажилласан байдаг. Эдүгээ ХҮН намынхан долоон суудалтай байна. Уг нь найман хүн сонгогдсон ч гишүүн Ж.Золжаргал намаасаа түдгэлзээд буй. Үүнээс бусад үед жижиг намууд 1-3 суудал л авдаг байв. Гэхдээ ийнхүү хууль тогтоож, “хүрд эргүүлэх” боломж олон намд олддоггүй. Ямартай ч Эх орон, БНН хэмээх ганц хүний намыг бид мэднэ. Тэд бас засгийн эрхийг барилцаж үзсэн. Эдгээр нам, тэдний ганц “дайчин” болох Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар моодноос хэдийнэ гарсан. Тэд албан тушаал, сайдын суудлаар “наймаа” хийдэг байсан биз. Харин шинэ цагийн “ганц дайчид” дээр дурдсанчлан жагсаалаар мөнгө хийж, эрх ашгаа гүйцээдэг болсон.
Дээд шүүхэд эдүгээ 38 нам бүртгэлтэй. Тэдний хэд нь олонд танигдсан лидертэй вэ. Парламентад суудалтай нам, эвслүүдийг энэ тооноос хасъя. Эрх биш сонгогдсон гишүүдийг нь өнгөрсөн хоёр жилд иргэд гадарладаг болсон хойно.
С.Туулын "Шантаажны намууд" нийтлэлээс
ГУРАВ. “Чалко”-гийн гэрээ
Хамгийн сайн чанарын нүүрстэй Тавантолгойн бүлэг ордынхоо нүүрсийг яагаад урт хугацааны гэрээ байгуулж хямдаар зарах болов. Үүний эхлэл нь “Чалко”-гийн гэрээ байсан. 2011 оны долоодугаар сарын 26-нд “Чалко” гэрээг байгуулахдаа нүүрсний үнийг тонн тутмыг 70 ам.доллароор тогтоосон. Тухайн үед олон улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ дунджаар 122-125 ам.доллар, нүүрсний экспортын дундаж үнэ 106.7 ам.доллар байхад энэ үнээс даруй 30 гаруй хувь хямдаар нүүрс нийлүүлэхээр гэрээлсэн гэсэн үг. Үнээс гадна урьдчилгаанд авсан 350 сая ам.долларт 3-7 хувийн хүү тооцох, Зүүн Цанхийн 4-р давхаргын хамгийн чанартай коксжих нүүрсийг зөвхөн нийлүүлэх нөхцөл ч гэрээнд тусжээ.
“Чалко”-гийн гэрээний хүрээнд Засгийн газар нийт 650 гаруй сая ам.долларыг авсан ч, бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад биш улстөрчдийн популист амлалт, халамж байдлаар тарааж, салхинд хийсгэжээ. Харамсалтай нь энэ нэрлэсэн дүнгээр зогсохгүй “Чалко”-гийн гэрээний сөрөг нөлөө өнөөдөр ч үргэлжилж, Монголын нүүрсний салбарт урьдчилан борлуулах томоохон гэрээнүүдэд үнэ тогтоох жишиг нь “Чалко гэрээ” болсоор байгаа нь хатуу үнэн.
М.Мөнхжаргалын "Чалкогийн тогтоосон нүүрсний жишиг үнэ" нийтлэлээс
ДӨРӨВ. Ганц зуны ганд
Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн салбар ахицгүй ажилласан шалтгааныг албаныхан байгаль, цаг уурын хүчин зүйлтэй холбон тайлбарлаж буй. Өнгөрсөн жилийн 5-7 сард тариалангийн бүс нутагт хур тунадас бага байж, агаарын дундаж температур 37.0-39.5°-д хүрч, хэт халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилсэн. Мөн халалтаас үүдэж усархаг бороо, мөндөр зэрэг орсон нь ургацад нөлөөлсөн гэв. Эдгээрийн улмаас 2025 онд нийт ургац хураалт өмнөх оноос 40 хувиар буурсан гэх. Ийнхүү үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана гэх том төсөөлөл, тодорхой амбицтай эхэлсэн атрын ээлжит аян нэг зуны ганд хүчин мөхөсдөв. Уг нь газар тариалангийн салбарын бүтээмж, тогтвортой байдлыг зөв бодлого, технологи, менежментээр хамгаалах нь гол зорилго, голч хараа нь байх учиртай.
2008 оноос хэрэгжсэн хоёр удаагийн атрын аяны үр дүнд тариан талбай хэр нэмэгдэж, үр тарианы хэмжээ хэрхэн өссөнийг харахад мөн л чамлалттай тоо гарна.
О.Даваасүрэнгийн “ Гараан дээрээ бүдэрсэн Атрын IV аян” нийтлэлээс
ТАВ. Сайдын суудлаас хямдхан хүний амь
Бараг сар бүр л цэргийн ангиудад хүний эрх зөрчигдсөн, эрсдэл үүссэн асуудал гардаг боллоо. Төв аймгийн Мөнгөнморьт суманд цэргийн албан хаагч амиа алдахаас сарын өмнө Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангийн алба хаагч мотоцикльтой малд яваад сураггүй болсон хэрэг гарсан. Азаар дөрөв хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Мөн үүнээс өмнө дотоодын цэргийн 05 дугаар ангид сарын зайтай хоёр асуудал үүссэн. Эхнийх нь цэргүүд нэгнээ зодсон хэрэг гарсан. Дараа нь мөн л цэргүүд нэгнээ зодож, гэмтэл авсан байлдагч эмнэлэгт хүргэгдсэн. Энэ мэтээр цэргийн ангиудад хүний эрх зөрчигдсөөр байна. Тэр болгонд цэргийн байгууллагын удирдлага, Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээх, албан тушаалаасаа огцрохыг олон нийтийн зүгээс шаарддаг. Гэвч сайд, дарга нар нь ийнхүү хариуцлага ярихаар “Улстөржиж байна” гэж ойлгож хүлээж авдаг. Тийм ч учраас одоогоор цэргийн ангид хүний эрхийн зөрчил үүссэн, цэргийн албан хаагч амиа алдсанаас болж сайд огцорсон түүх үгүй. Хариуцлага хүлээх нь байтугай харин ч бүр асуудлыг өөрсдөөсөө холдуулах, өөр шалтгаантай хэмээн тайлбарлах оролдлого хийдэг.
С.Шийлэгтөмөрийн "Хүн биш цэрэг" нийтлэлээс
ЗУРГАА. Бухын доодохыг харж
Монголд ямар ч цаг үед хэрүүл шуугиангүйгээр үйл ажиллагаа явуулж чаддаггүй нэг л газар бий. Тэр нь УИХ. Иргэд “За, ашгүй нэг гайгүй хүн гарлаа. Засаг солигдлоо. Одоо нэг улс төр цэгцрэх болов уу” гэж хоорондоо хэлэлцдэг, боддог, хүлээдэг. Гэвч улс төр бужигнаж, улстөрчид хэзээд хоолоо булаалдсан хэвээрээ. Тэдний үйл ажиллагаа цэгцрэхийг, иргэдэд хэрэгтэй хууль санаачилж, асуудалд цэцэрхэж, шоудалгүйгээр алгоритм дэвшүүлж мэтгэлцдэг болохыг нь хүлээнэ гэдэг бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэртэй адил санагдах болов. Үргэлжийн тэмцэл, хэрүүл, хахууль, эрх мэдлийн төлөөх уралцаан нүдний өмнө ил. Ард түмэн энэ даварсан эрх мэдлийн донтой түшээдээ яаж ч чаддаггүй нь гачлантай.Олон журам заалтаар амьдралаа босгох гэж ядсан иргэдийн хөлийг чөдөрлөж, зарим компани удаа дараалан дампуурлаа зарлаж, мэдэгдэл гаргасан. Угтаа албан тушаалтнуудын гарын үсэггүйгээр бизнес явуулах боломжгүй. Тийм нөхцөлийг зөвшөөрсөн, эхнээс нь шат дараатай өрж бүтээсэн хүмүүс нь тэд өөрсдөө. Өчнөөн жилийн турш хөлийг нь холготол чөдөрлөчихөөд өнөөдөр “Чөлөөлье” гэж байгаа нь эгдүүцмээр. Хэн ч ярьж, хэлж, нийтэд зарлан попорч болох ч эдгээрийн хэрэгжилт шат шатандаа хэрхэн үргэлжлэх нь асуудал хэвээрээ...
Б.Алтанхуягийн "Чөдөр зүүсэн нь тэд" нийтлэлээс
ДОЛОО. Уламжлал биш ашиг сонгох хэрэглэгчид
“Зах = хямд” гэсэн уламжлалт үнэ цэнийн санал алдагдаж байгаа нь зөвхөн макро эдийн засгийн дарамтаас бус микро түвшний бүтцийн өөрчлөлтөөс илүү хамааралтай аж. “Зах дээрх бүхэн хямд” гэх ойлголт цаг хугацааны явц, нийгэм, эдийн засгийн хөгжлийн шатанд өөрчлөгдөж буй. Нэн тэргүүнд цаг хугацааны өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зорин байж очих хямд үнэ нь замд зарцуулах хугацаа болон чанараас давж чадахгүй байгаа билээ. Нэмээд зогсоолын асуудал ч хөндөгдөнө. Худалдаа эрхлэгчид өөрсдийн автомашинаараа худалдааныхаа төвийг дүүргэж буйг шүүмжилсэн ч үл тоомсорлосноос борлуулалтад нь нөлөөлж байгаа “асуудлыг олж харахгүй байгаа”-г нь олж харж болно. Нэмээд хэрэглэгчид хилийн чанадаас хүссэн бараагаа хямд үнээр захиалж авах боломж бүрдсэн нь лангуун дээрх түрээс, тээвэр, цалин хөлсний нэмэгдэл шингэсэн үнэтэй бараанаас татгалзах үндсэн шалтгаан болсон. Тэнгэр, газар шиг үнийн зөрүүтэй атлаа чанар ижил, сонголт өргөн онлайн худалдаа зөвхөн Монголын худалдааны салбарын бус дэлхий нийтийн “худалдаачид”- ийн эрлэг болжээ.
Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн дээр жишээлэн авч үзвэл томоохон захад байх бөөний төвүүд, үйлдвэрлэгчид хийгээд шууд борлуулагчдын лангуу тасгаас худалдан авалт хийх нь ашигтай тусдаг хэвээр байгаа. Гэхдээ өрхийн худалдан авалтад захын лангуу гэрийн хажуудах супермаркетаас үнэтэй байх нь бий.
Л.Эрдэнэжаргалын "Зах зээлдээ гологдож эхэлсэн захууд" нийтлэлээс
НАЙМ. Ормузаас гадна
Таван жилийн өмнө Суэцийн сувагт тэгнэж дэлхийн худалдааны урсгалыг зургаан өдрөөр тасалдуулсан чингэлэг тээвэрлэгч даяарчлалын эринд далайн усан гарц эдийн засгийн “амь судас” болсныг бодитоор харуулсан. Өнөөдөр ч Ираны дайны дүйвээнд Ормузын хоолойгоор дамжих газрын тос тээвэрлэлт зогссон нь дэлхий нийтээр эрчим хүчний хямрал дагууллаа.
Даяарчлалын худалдаа арилжаа бараг бүхэлдээ далайгаар дамждаг. Далай тэнгис хаяа хязгааргүй мэт уудам санагдах ч тив, эргийг холбох усан замуудын ихэнх нь мөчид нарийхан, байгалийн хийгээд улс төрийн хувьд нэн эмзэг бүсэд оршино. Усан зам хэсэг зуур хаагдахад үр дагавар нь тухайн бүс нутгаар тогтохгүй дэлхий даяар тархах магадлалтайг Ормузын жишээ бэлхнээ харууллаа. Байгалийн жамаар бүрдсэн далайн хоолой, хүний гараар бүтээгдсэн сувгийг оролцуулаад хөдөлгөөн нь саарч, тээврийн урсгал хаагдсан тохиолдолд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх долоон эмзэг цэг бий.
С.Лхагвасүрэнгийн "Дэлхийн эмзэг долоон судас" нийтлэлээс
ЕС. Зэнгийн сургаалиас хэлтлэхүй
Тэнгэр, газрыг цагаан цэцэгсээр мэтгэсэн мэт малгайлан буух цасан ширхгүүд. Агшин зуур унаж хайлах эсвээс ээрэм талын зүүдийг бүтээсэн цагаан хучлага үүсгэхдээ бус яг л хоосон агаарт жингүйдэн эргэлдэж байхдаа л үзэмж төгөлдөр харагдах үй түмэн цасны будраа. Энэ бол түүний хамгийн дуртай агшин. Мөн навчсын хөдөлгөөн, аливаа зүйлийг царцчихсан мэт дүр төрхөөс нь өөрчилж хөдөлгөөнд оруулдаг салхи, бидэр татуулан долгилох усан. Эдгээр цөм Б.Тамирын гэрэл зургийн гол сэдвүүд.
Агшны ийм зураглалууд, хэсэг хугацааны дараа хувьсах юмсын дотоод хөдөлгөөн рүү нэвтрэхэд Ошогийн бүтээлүүд, зэнгийн номууд түүнд тусалжээ. Учир нь зэн эхлээд өөрийгөө хоослох ёстой гэж сургадаг. Өөрт байгаа цөхрөлийг, хүнд ачаа болгон тээсэн асуудлуудаа гээж, дотогшоо улам шунгаж, өөртөө багтан хумигдаж байж л юмсын мөн чанарыг ойлгоно.
Б.Алтанхуягийн " Зэн анирдсан чимээ" хөрөг нийтлэлээс