
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгос, Япон болон бусад улс Аляска руу очиж, эрчим хүчний нөөц, газрын тос худалдан авч, дамжуулах хоолой барихаар ажиллаж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр лхагва гарагт Цагаан ордонд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулийн өмнө Аляска мужид үзүүлсэн засаг захиргааныхаа дэмжлэгийг онцлохдоо энэ талаар хэлсэн байна.
“Аляскад Дональд Трампаас илүү их зүйл хийсэн хүн байхгүй гэдгийг би баттай мэднэ. Бид хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хэдэн их наяд ам.долларын үнэ цэнийг бий болгосон” гэж Трамп хэлжээ.
Мөн тэрбээр “Япон байна. Өмнөд Солонгос байна. Одоо энэ бүх улс Аляска руу очиж, түлш, газрын тос авч, дамжуулах хоолой барьж, бусад ажлыг хийж байна” гэжээ.
Трамп мөн Бүгд найрамдах намын нэр дэвшигчдэд дэмжлэг үзүүлэхээр Аляскад очих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Трампын засаг захиргаа Өмнөд Солонгос, Япон болон бусад улсыг Аляскийн шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ийн төсөлд хамтран ажиллахыг идэвхтэй уриалж буй.
Уг төсөл нь байгалийн хийн асар их баталгаат нөөцтэй Аляскийн хойд хэсгийн North Slope бүсээс өмнөд Аляска хүртэл нийт 1287 километр урт дамжуулах хоолой барих зорилготой. Энэхүү хоолойгоор байгалийн хийг өмнөд Аляска руу тээвэрлэж, тэнд шингэрүүлсний дараа танкер хөлгөөр Азийн орнууд руу экспортлохоор төлөвлөжээ.