
Одоогоос бараг арван жилийн өмнө фэйсбүүкт “2030 онд амьдарч байгаа юм шиг жүжиглэх” нэртэй групп тренд болж байв.
Тэнд хүмүүс ирээдүйн Улаанбаатарыг төсөөлөн “Метроны Баруун дөрвөн замын шугам дээр уулзъя”, “Агаарын таксины үнэ нэмэгджээ”, “Хурдны галт тэргэндээ хоцорчихлоо” хэмээн хошигнодог байлаа.
Тэр үеийн залуус 2030 он гэхэд Улаанбаатар хотыг метро, хурдны галт тэрэг, дэвшилтэт технологи бүхий орчин үеийн хот болно гэж төсөөлдөг байсан юм. Гэтэл цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, өнөөх 2030 он хаяанд ирчихлээ. Харамсалтай нь, өнөөдрийн Улаанбаатарт бидний хүсэн хүлээсэн метро, хурдны галт тэрэгний аль нь ч алга. Харин хотын хөдөлгөөнд цахилгаан скүүтер, мопед, дугуй зэрэг бичил тээврийн хэрэгслүүд л шинээр нэвтэрчээ. Гэвч эдгээр хэрэгсэл автомашинд төвлөрсөн хотын бүтэцтэй мөргөлдөж, явган зорчигч, жолоочдын дунд шинэ зөрчил үүсгээд байна.
Хотын түгжрэлд хамаг цагаа алддаг нийслэлчүүдийн хувьд скүүтер, мопед, цахилгаан дугуй нь богино зайд хамгийн хурдан зорчих сонголт гэдэгтэй маргах хүн үгүй. Ийм ч учраас бичил тээврийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, өнөөдрийн байдлаар нийслэл хотод долоон аж ахуйн нэгжийн нийт 36468 цахилгаан скүүтер, мопед иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Өмнөх жилүүдэд ердөө 1-3 компани түрээсийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр хэрэглээ, хүрээ нь хэд дахин тэлжээ.
Уг нь энэхүү хурдтай тэлж буй хэрэглээг зохицуулах тодорхой дүрмүүд манайд бий. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд скүүтер, мопедыг унадаг дугуйн замаар, хэрэв тийм зам байхгүй бол автозамын баруун хөвөөгөөр зорчих ёстой гэж заасан байдаг. Мөн хамгаалалтын малгай өмсөх, түрээсийн үйлчилгээг 16 нас хүрээгүй хүүхдэд үзүүлэхгүй байх шаардлагыг холбогдох албаныхан энэ жилээс аж ахуйн нэгжүүдэд тавьж, зохицуулалт хийж буй.
Гэвч цаасан дээрх энэ бүх дүрэм журам, стандартыг Улаанбаатарын хөрсөн дээр мөрдөнө гэдэг үнэхээр бартаа ихтэй. Учир нь манай хотын ихэнх замд зориулалтын дугуйн зам байдаггүй. Байгаа хэдэн замынх нь будаг халцарч, хоёр дугуйтай хүмүүс зөрөхөд ч бэрх нарийнхан, зарим нь бүр явган хүнийхээ замаас танаад улаанаар будчихсан нэр төдий, нүд хуурсан байх нь олон. Түүнчлэн дугуйн зам гэж хийсэн зарим зам нь хэдхэн метр үргэлжлээд гэнэт явган хүний зам руу орчихдог, эсвэл хайс мөргөөд дуусдаг стандарт бус байх нь элбэг. Ийм орчинд скүүтер, мопед хэрэглэгчид автомашины хурдтай урсгал дунд зорчих, эсвэл явган хүний зам руу орох гэсэн сонголттой тулгарч буй. Үүний улмаас осол аваарын тоо жил бүр тасралтгүй өссөөр байна.
Бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд хэр огцом өссөнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистикаас харж болно. Тус төвийн мэдээлснээр цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 2022-2025 оны хооронд зургаа дахин эрчимтэй өсжээ.
Гэмтэж бэртэн, эмнэлэгийн тусламж авсан хүний тоо
2022 50
2023 305
2024 532
2025 792
ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 16-аас доош насны хүүхэд скүүтэр, мопед унахыг хориглосон хэдий ч тус шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Статистик мэдээллээс үзэхэд, 2025 оны байдлаар энэ төрлийн зам тээврийн ослын 50 орчим хувийг 10-19 насны хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байгааг анхаарах шаардлагатай байна.
2026 оны эхний таван сарын байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт мопед, скүүтер, суррон буюу цахилгаан бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 754 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар скүүтер, мопедоор зорчигчид эсрэг урсгал сөрөх, эгнээ сүлжих, найз нөхдөө давхар сундлах, явган хүний гарцаар гарахдаа унаанаасаа буулгүй шууд хурдтай гарч автомашинтай мөргөлдөх зэргээр бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгджээ. Мөн 16 нас хүрээгүй сурагчид ах, эгчийнхээ бичиг баримтаар аппликэйшнд бүртгүүлэн скүүтер, мопед түрээсэлж замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихээр бүртгэгдэж байгаа аж.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир
Бид замын хөдөлгөөнд аюултай нөхцөл үүсгэсэн 72 скүүтер, мопедыг журамлан түр саатуулсан. Энэ асуудалд зөвхөн цагдаа гэлтгүй төрийн байгууллагуудын оролцоо ч чухал байна. Саяхан болсон Улаанбаатар марафоны үеэр скүүтер, мопедыг бүсчлэлд оруулахгүй байх зөвлөмжийг өгсөн ч холбогдох албаны шаардлагыг биелүүлээгүй, удаа дараа гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй хоёр ААНийн холбогдох албадад мэдэгдэл хүргүүлсэн. Цаашид гэрээний заалтаа биелүүлдэггүй, иргэдийн аюулгүй байдалд анхаардаггүй, ийм байгууллагуудын түрээслэх эрхийг нь цуцлах зэргээр хариуцлагжуулах ажил дутагдалтай байна.

Одоогоор нийслэлд түрээсийн скүүтер, мопедын үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)- аас Тээврийн цагдаагийн албатай зөвшилцөн олгодог аж.
Энэхүү зөвшөөрлийн дагуу өнөөдөр Улаанбаатарт “Тапатрипп Эжэнси” ХХК, “Эко технологи” ХХК, “Хурд Хүч” ХХК, “Жет шаринг” ХХК, “Юү гөү инвестмент” ХХК, “Безен номт” ХХК гэсэн зургаан аж ажуйн нэгжийн 36 мянган скүүтер, мопед хотын хөдөлгөөнд тогтмол оролцож буй.
Чөлөөт зах зээлийн журмаар компаниудад квот тогтоохгүй, бизнесийг нь хязгаарлахгүйгээр зөвшөөрөл олгох нь зөв ч хот өөрөө үүнийг дагасан тооцоолол, хяналтаа давхар хийж, дэд бүтэц, явах замыг нь бэлдэх ёстой. Гэтэл жил бүр л солонгорсон өнгөөр ижлээ нэмж байгаа эдгээр скүүтрийг нийслэл замын багтаамж, дэд бүтэц, осол аваарын асуудлыг нь тууштай тооцоолоогүй хэр нь л зөвшөөрлийг нь олгосоор буй. Энэ талаар хэрхэн ямар журмаар зөвшөөрөл олгодгийг нь холбогдох албадаас нь тодруулах гэсэн боловч хариу өгч, мэдээлэл өгөх хүн алга.
Аргагүй биз, угаасаа манай хотын ажил дандаа л нэг ийм төлөвлөлтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, маргаашаа тооцоолоогүй явдаг нь бараг хууль болчихсон. Үүний балгаар сүүлийн жилүүдэд скүүтер, мопедуудыг зогсоох зам, талбай нь ч хүрэлцээгүй болжээ. Сургуулийн орц, гарц таглаад орхидог эдгээр хэрэгсэлд зориулалтын зам тавьж өгч нэгэнт чадахгүйгээс ядаж дугуйн замаар зорчуулъя гэхээр нийслэлийн дугуйн замын ажил метроны шугам тавих гэж буй аятай удаашралтай. Уг нь хоёр жилийн өмнө Улаанбаатар хот 72.3 км дугуйн замтай байсан бол өнөөдөр энэ замын нийт урт 101.7 км болж нэмэгджээ.
Гэвч хоёр жилийн хугацаанд ердөө 29 км-ээр нэмэгдсэн дугуйн зам өдөр бүр 36 мянга гаруй бичил тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй хотын хувьд дэндүү хангалтгүй тоо. Гэтэл үүний хажуугаар шинэ төрлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг ямар ч тооцоо, зохицуулалтгүй нэмэгдүүлсээр байгаа нь Улаанбаатар хотыг өнөөх мөрөөдөж байсан 2030 он биш, дүрэм журамгүй, замбараагүй хот руу улам бүр хөтөлж буй.
Ийм орчинд олон нийтийн цагдаа томилоод ч, торгоод ч ямар ч үр дүн гарахгүй байгааг бид нүдээр үзэж, биеэр тууллаа.
НИТХ-ын төлөөлөгч А.Баяр
Скүүтер, мопедод хяналт тавих 300- 500 олон нийтийн цагдаа ажиллуулсан ч үр дүн гараагүй. Иргэдийн дунд явуулсан судалгааг харахад хамгийн их шүүмжлэл дагуулж буй асуудлын нэгээр скүүтер, мопед эрэмбэлэгдсэн. Иймд Улаанбаатар хот скүүтер, мопедтой тууштай тэмцэх цаг нь болсон. Одоо эрс шийдэмгий шийдэл гаргах хэрэгтэй. Зогсоовол, зогсоосон шиг зоригтой шийдвэр гаргах нь зөв. Хэрэв зогсоож чадахгүй бол асуудлын гол зангилаа болох скүүтер, мопед зорчих тусгай эгнээг хамгийн түрүүнд бий болгох шаардлагатай. Хотын шинэ дарга энэ тал дээр зоригтой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь, бидний өнөөдөр туулж байгаа энэ дүр зураг дэлхийн олон өндөр хөгжилтэй хотуудын аль хэдийнэ туулсан туршлагатай ижил юм. Тэд скүүтерийг шууд хориглож, залуусын хэрэглээг боохоос илүүтэй технологийн асуудлыг технологиор нь шийдэж, ухаалаг зохицуулалт хийж чадсан байдаг. Тухайлбал, Европын зарим хот болон Сингапур улсад “Geofencing” буюу байршилд суурилсан хяналтын системийг нэвтрүүлжээ. Ингэснээр сургууль орчим болон явган хүний хөдөлгөөн ихтэй бүсэд скүүтерийн хурд автоматаар 10-15 км/цаг хүртэл буурдаг аж. Мөн бүс бүрд байрлуулах скүүтерийн тоонд квот тогтоож, зориулалтын цэгээс өөр газар орхих эсвэл зорчвол торгууль ногдуулах системийг ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, технологийг зөвхөн бизнесийн хэрэгсэл биш, хотын хөдөлгөөнийг зохицуулах механизм болгож чаджээ.
Үүнтэй зэрэгцэн тэдний авч хэрэгжүүлсэн хамгийн чухал алхам нь дэд бүтцийн асуудлаа бодитоор шийдэх байсан юм. Автомашины урсгалаас механик хаалт, тусгаарлагчаар бүрэн заагласан бичил тээврийн эгнээг байгуулснаар явган зорчигч, автомашин, скүүтер гурвыг нэг орон зайд хүчээр шахахаа больсон нь хэрэглэгчдэд тав тухтай аюулгүй орон зайг бүрдүүлж өгчээ. Харин үүнийхээ дараа л дүрэм, хариуцлага, торгуулийн тогтолцоогоо хатуу мөрдүүлдэг болсон байна.
Иймээс Улаанбаатарт өнөөдөр хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл нь скүүтертэй тэмцэх бус харин түүнийг хаана, яаж, ямар орчинд зорчуулах вэ гэдгээ ухаалгаар шийдэж, зохицуулах нь чухал ажээ.