Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр болжээ. Хурлаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах, албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, биелэлтийг эрчимжүүлэх үүргийг харьяа газрын бүх дарга нарт өгсөн байна.
“Монголын Төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагуудад энэ долоо хоногт бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, ойрын хугацаанд эргэж танилцуулахыг Б.Дэлгэрсайхан сайд даалгажээ.
Автозам ашиглалт, автозамын эвдрэл гэмтэл, тээврийн хэрэгслийн жин тонн, даацын асуудалд шийдэл хүлээж буй үнэ тарифын асуудлыг аль аль талдаа ул суурьтай, судалгаатай, тэнцвэртэй шийдвэрлэхийн тулд ЗТЯ-наас томилогдсон Ажлын хэсэг, газрын дарга нар ирэх долоо хоногт Замын-Үүдэд очиж ажиллах, ЗТЯ, АТҮТ, жолооч тээвэрчдийг оролцуулсан салбар дундын уулзалт хэлэлцүүлэг хийж, санал солилцохыг үүрэг болгосон байна. Энэ хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх үүднээс тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн жин тонноос авах татвар, хураамжийн асуудлыг аль аль талдаа тэнцвэртэйгээр шийдвэрлэхыг сануулжээ. Ингэхдээ автозам ашиглалтын хүрээнд автобуснаас татвар авахгүй, одоогийн авч буй тарифын үнийг нэмэгдүүлэхгүй байхыг тодотгосон байна.