Ажил, сургууль, хичээл номондоо шамдан яарч яваа хэнийг ч буруутгах аргагүй.
Завгүй амьдралын хэмнэл, урд хормойгоо хойдохоор нөхөх санхүүгийн асуудал дундаа туучиж явах хооронд хоосон гэрийн буурь дээр хаягдчихаад эрхэлж, гомдоллосон хүүхдүүд л ирээдүйд энэ улсын эзэн болох нь уу гэмээр гол зурсан мэдрэмж төрнө.
Ханш нээж хавар цагтай золгуут залуус суррон, мопед, унадаг дугуйгаар зорчих нь эрс ихэсдэг. Хэн л урин дулааны цагт түгжрэлд хамаг цагаа үрж суухыг хүсэх билээ. Гэвч харамсалтай нь өнгөрсөн онд гэхэд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарсан гэх тоо баримт бий. Үүний улмаас 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон. Насны хувьд авч үзвэл 14-17 хүртэлх насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлнэ. 2022 оноос хойш жил бүр энэ төрлийн осол аваарын тоо өссөн үзүүлэлттэй байгаа. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд мотоцикль, суррон жолоодох эрхийг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүнд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон.
Гэтэл энэ оны дөрөвдүгээр сарын эхний дөрөв хоногт гэхэд л суррон, скүүтер, мопед зэрэгтэй холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Ихэнхдээ амралтын өдрүүдээр нийслэл хотын замын голоор суррон хөлөглөсөн, хэсэг бүлгээрээ явж байгаа хүүхдүүд нэн элбэг үзэгддэг. Тэд хоорондоо уралдаж, хүчтэй мотортой тээврийн хэрэгслээр салхи татуулан давхиж дарвицгаана. Мөн хойд дугуй дээр нь цоройлгож, нэгнийхээ бичлэгийг хийж байгаа нь ч харагдана. Ерөнхий боловсролын сургуулийн хашаа руу хэрэг болгож шагайвал ахлах ангийн хөвгүүд бүгдээрээ шахуу суррон, мопед уначихсан, ардаа эмэгтэй хүүхэд сундалдчихсан байдаг. Өсвөр насны хүүхдүүд юм хойно элдэв бичлэг, кино дээрээс үзсэнээ дуурайх, эсвээс ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй болж гэмээнэ бусдад эршүүд, бийлэгжүү, магадгүй догь болж харагддаг биз. Гэвч үнэндээ моторт техник иргэншлийн энэ зуунд биедээ өмссөн хувцастай адил хэрэглээ болохоос гангараа биш.
Мэдээж хүн юу дуртайгаа хэрэглэж, өмсөж зүүж, идэж ууж болно. Харин эрх чөлөө гэдэг ухамсаргүйгээр аливаад хандах, хариуцлагагүй байхын нэр биш. Эцэг, эх нь ажилдаа дарагдаж, багш нар нь хичээл, аж төрөхүйн асуудалдаа зүдэрч байхад хүүхдүүд зам дээр өөрсдийн дүрмээр амьдарч байна. Хяналтгүй орхисон нэг ийм онгорхой нүх нийгэмд үүсчихээд байгаа нь харамсалтай.
Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлгээ ихэнхдээ одоо цаг дээр төвлөрдөг нь нууц биш. Тэд ирээдүйд санаа зовж, өнгөрснөөсөө туршлага нэхэж суудаг улс биш. Тиймээс бусдаас ирэх анхаарал, халамжийг илүүтэй хүсэмжилнэ. Хөвгүүдэд бол хурд, хааз мушгих төдийд ялгарч буй адреналин нэн чухлаас бус үр дагаврыг нь төдийлөн бодохгүй. Энэ нь насны онцлог боловч хяналтгүй орхих шалтгаан биш. Таны хүүхэд хаашаа дэвж байгааг анзаарч, ярилцах хэрэгтэй. Хэн ч гэсэн үр хүүхдээ эрдэм мэдлэгтэй, сайн хүн болж сайхан амьдраасай л гэж хүснэ. Гэтэл найзуудаараа нийлэн мопед, стүүкер унан уралдаж яваа хүүхдүүд бусдыг гэмтээсэн тохиолдлын тоо ч мөн өссөн. Зарим нь уучлал гуйдаггүй, хохирогчийг буруутгадаг, эцэг эх нь жаахан хүүхдэд зэм хүлгээлгэлээ гэж өмөөрөх тохиолдлууд бий. Манайд гаднын хөгжилтэй орнууд шиг дугуйн зам байхгүй учраас явган хүний замаар моторт бичил тээврийн хэрэгслээр зорчих нь элбэг. Үүнээс шалтгаалсан осол гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин энэ төрлийн бизнес эрхлэгчид зөвхөн мөнгө л боддог бололтой.
Зах зээлд үйлчилгээ нийлүүлж байгаа бизнес эрхлэгчид өөрсдөө ямар орчинд үйл ажиллагаа явуулж байгаагаа ул суурьтай авч үзэх цаг болжээ. Үгүй аваас бидний ирээдүй өөрсдийн маань шуналаас үүдсэн туршилтын талбар дээр эрэмдэг болцгоож байна. Өнөөдрийн байдлаар мопедын төлбөрийг цагаар тооцдог систем нь аль болох хурдтай явж, зорьсон газартаа хүрэх ёстойг сануулдаг. Өөрөөр хэлбэл, хурд бол үйлчилгээ авч буй хүүхдэд ашигтай үйлдэл мэтээр ойлгогдоно. Харин үүнийг километрээр нь тооцож төлбөр авдаг болчихвол уг нь асуудал цэгцрэх боломжтой. Ерөөс хэрэглэгчийн зан төлөвийг систем өөрөө чиглүүлдэг гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид гадарладаг л байлгүй. Гэвч ашиг олохоос өөрийг үл бодно.
Нөгөө талаас мопед, скүүтерийг хаа дуртай газраа хаяад явчихдаг үйлдэл нь хотын эмх замбараагүй байдлыг улам нэмэгдүүлж байна. Явган хүний улаан зам дээр жирийтэл өрөөд орхичихсон байх нь элбэг. Тиймээс зориулалтын зогсоолд байрлуулаагүй тохиолдолд төлбөрийг нэмэгдүүлдэг, эсвэл торгууль ногдуулдаг систем нэвтрүүлэх бүрэн боломжтой. Энэ бол дэлхийн олон хотод аль хэдийнэ хэрэгжиж буй энгийн шийдэл. Гэтэл манайд бизнес эрхлэгчид хэрэглэгчийн сахилга батад найдаж, өөрсдөө ямар ч хяналтгүй орхисоор байгаа. Үр дүнд нь явган хүний зам хаагдаж, замын хөдөлгөөнд саад үүсч, ослын эрсдэл нэмэгддэг.
Ашиг хүртэж байгаа хэр нь үүсгэж буй сөрөг нөлөөг үл тоомсорлож болохгүй. Хотын орчин бол туршилтын талбар биш. Хэрвээ үйлчилгээ чинь нийгэмд хүндрэл учруулж байвал зохицуулалтаа сайжруулах үүрэгтэй.
Үсрэнгүй хөгжилтэй орнуудад энэ төрлийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зам талбай нь чөлөөтэй байдгаас гадна учирч болох эрсдэлийг хуулиар хатуу зохицуулж, хэрэгжилтийг чанд мөрдүүлдэг. Насны хязгаар, хамгаалалтын хэрэгсэл, сургалт гээд бүгд системтэй. Зөрчил гаргавал торгууль төдийгүй оноох хариуцлага нь тодорхой байдаг. Харин манайд саяхнаас насны хязгаар тогтоож, торгуулийн систем нэвтрүүлсэн ч хууль дүрэм цаасан дээр байхаас цаашгүй, хэрэгжилт нь сул хэвээр байгааг эхэнд дурдсан тоо баримт нотолно.
Үүнээс гадна мориноосоо арайхийн салсан монголчуудын үр сад моторт тээврийн хэрэгслийг унадаг дугуйтай адил сэтгэж буй хандлага асуудлын гол болоод байна. Хүүхдэдээ хүссэн зүйлийг нь өгч баярлуулж болох ч мэдсээр байж амь насыг нь эрсдэлд оруулсаар байгаа нь харамсалтай. Дөнгөж ардчилсан хувьсгалтай золгосон монголчууд шувуу хүртэл буруу дэвээд байх шиг мэдрэмж төрүүлсэн хүнд цаг үеийг туулсан гэдэг. Түүнтэй адилхан өдгөө бид хүүхдүүддээ халаасны мөнгө өгч, хоол ундыг нь цүнхлүүлж, нэхсэн зүйлийг нь авч өгөөд л зөнд нь хаячхаад байна уу гэж санана. Тиймээс үр хүүхдүүдээ юунд дурлаж, тэмүүлж, хаана юу хийж яваад нь анхаарал хандуулж чадаж байгаа юу? Ерөөс бид улс шиг улс болж чадсан уу, маргаашийн Монгол ямар байх вэ? Даанч эдгээрт хариулах үг үл олдоно.