
Японы аймшгийн зохиолын орчин үеийн сонгодог төлөөлөл Кожи Сүзүки энэ өдөр төржээ. Тэрээр аймшгийн ертөнц дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Ring” романыг туурвисан агаад олон арван зохиол нь дэлгэцийн бүтээл болсон билээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө Токио хотноо нас барсан эл эрхмийг дэлхий даяар дорнын Стивен Кинг хэмээдэг байв.
RING
Японы орчин үеийн аймшгийн уран зохиолыг дэлхийд таниулсан бүтээл бол гарцаагүй “Ring”. Энгийн нэгэн видео бичлэг үзсэн хүн долоо хоногийн дараа үхдэг гэх санаа нь технологи, хараал, сэтгэл зүйн айдас гурвыг холбосноороо тухайн цаг үед онцгой байв.
Сүзүки уг романдаа цус нөж, догшин мангасаас илүүтэй үл үзэгдэх заналхийлэл, хүний дотоод түгшүүрээр айдас бүтээгддэг болохыг харуулсан. Садако хэмээх дүр нь ердөө аймшгийн киноны дүр бус дарагдсан үзэн ядалт, ганцаардлын бэлгэдэл болж хувирсан юм. Түүнээс гадна мэдээлэл хэрхэн халдвар шиг тархаж болдгийг эл роман технологийн эрин эхлэхээс өмнө зөгнөн харуулсан билээ.
SPIRAL
Дээрх романы үргэлжлэл болох “Spiral” өмнөх зохиолын айдсыг биологийн болон гүн ухааны түвшинд хүргэдэг. Хараал гэдэг ердөө сүнсний асуудал бус амьд биет мэт хувьсаж, үрждэг бүтэц байж болох тухай энд өгүүлнэ. Тиймдээ ч уг роман аймшгийн бүтээлээс илүү шинжлэх ухааны жихүүцэм туршилт шиг мэдрэмж төрүүлдэг.
Сүзүки хүний бие махбод, ДНХ, өвчин эмгэгийг хүртэл метафизик айдсын хэрэгсэл болгон ашигласан нь сонирхолтой. “Spiral” бол ертөнцөд нуугдсан үл үзэгдэх механизмын өмнө хүн ямар хэврэг болохыг харуулсан роман юм.
LOOP
“Loop” нь зохиолчийн аймшгийн цувралын хамгийн этгээд бөгөөд гүн ухаанч бүтээлд тооцогддог. Эхний хоёр романд гарсан үйл явдлуудыг огт өөр өнцгөөс тайлбарлаж, бодит байдал өөрөө юу вэ гэх асуулт руу аваачна. Сүзүки энд виртуал ертөнц, симуляци, оршихуйн мөн чанарын тухай бараг постмодерн шинжтэй эргэцүүлэл өрнүүлдэг.
Айдас нь энэ удаад хараал бус бодит ертөнцөд итгэх итгэл нурж буй мэдрэмжээс үүснэ.
DARK WATER
“Dark Water” бол богино өгүүллэгийн түүвэр хэдий ч Сүзүкигийн хамгийн гунигтай, хамгийн чимээгүй аймшгууд энд бий. Ус хэмээх дүрслэл зохиол бүрд өөр өөр утгаар ашиглагддаг бөгөөд дурсамж, үхэл, хаягдаж үлдэх мэдрэмжтэй харгалдана. Айдас нь ихэвчлэн өдөр тутмын ахуй дундаас төрнө. Түүний өгүүллэгүүдэд сүнснээс илүүтэй хүний ганцаардал гэдэг ямархан аймшигтай балчигт шигтгэж болохыг илэрхийлнэ. Ялангуяа эцэг эх, хүүхдийн харилцааг тойрсон сэтгэл зүйн дарамтууд нь япон аймшгийн өвөрмөц гунигийг тодруулдаг.
EDGE
Энэ бол үхэл ба ухамсрын хил хязгаарын тухай Сүзүкигийн хамгийн гүн шинжилсэн бүтээл. Тиймдээ ч философид нэн ойр романд тооцогддог. Зохиолын төвд гэнэтийн үхлийн дараах “мөч” болон түүнийг шинжлэх гэсэн хүмүүсийн оролдлого оршино. Энд айдас нь сүнс, мангаснаас бус харин үхлийн дараа юу байдаг вэ гэх асуултаас үүдэлтэй.
Сүзүки амьдрал ба үхлийн завсар дахь бүдэг орон зайг маш хүйтэн, аядуу, зөнгөөр бүтээгддэг тийм хэлээр дүрсэлдэг. Иймээс ч “Edge” уншигчийг айлгахаасаа илүү оршихуйн тухай бодолд гацааж, түгшээдэг роман.