
Хезболла энэ онд Израилтай хийсэн дайны улмаас орон гэрээ орхин дүрвэсэн Ливаны иргэдэд туслах зорилгоор Иранаас 200 сая ам.доллар хүлээн авсан гэж эх сурвалжууд мэдэгдэв.
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол мөргөлдөөний хамгийн хүнд хохирлыг амссан өөрийн дэмжигчдэд туслахын тулд тус бүлэглэлээс үзүүлж буй анхны томоохон хэмжээний тусламж болох юм.
АНУ уг мэдээллийг үгүйсгэжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгдэлдээ ийм мөнгө “байхгүй” гээд Хезболла “Иранаас их хэмжээний мөнгө орж ирж байгаа гэх хуурамч түүхээр нэр хүндээ аврахыг оролдож байна” гэж буруутгав.
АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Иран “мөнгө болон мөнгө шилжүүлэх арга замын аль алинаар нь дутагдаж байгаа, Техран террорын кампанит ажлаа санхүүжүүлэх мөнгөгүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Иранд тавьсан АНУ-ын эдийн засгийн шахалт нэмэгдэж, Хезболлагийн Иран дахь холбоотонд хөрөнгө шилжүүлэхэд улам хүндрэлтэй болсон хэдий ч тус бүлэглэл өнгөрсөн сард дээрх мөнгийг хүлээн авсан байна.
Мөнгийг шилжүүлсэн зуучлагчид Хезболлатай холбоотой эрсдэлийг харгалзан 20 хувийн шимтгэл авсан гэж эх сурвалжууд мэдээлэв. Тэдний нэгний хэлснээр энэ нь ердийн шимтгэлээс дөрөв дахин өндөр байжээ.
Тайлбар өгөхийг хүсэхэд Хезболлагийн нэгэн албан тушаалтан тодорхой хэмжээний мөнгө бүрдүүлсэн бөгөөд хэрхэн хуваарилах төлөвлөгөөг ойрын өдрүүдэд зарлана гэж мэдэгдсэн ч хөрөнгийн эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй аж.