
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Японтой маргаантай аралд айлчилсан нь Токиогийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарлаа.
ОХУ-д Итуруп, Японд Эторофу хэмээн нэрлэдэг тус арал нь Японы гол арлуудтай ойр орших Курилийн арлуудын дөрвөн маргаантай арлын нэг. Дэлхийн II дайны төгсгөлд Япон бууж өгснөөс хойш хэдхэн хоногийн дараа Москва эдгээр арлыг эзлэн авчээ. Түүнээс хойш Токио одоог хүртэл нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн шаардлага тавьсаар байгаа юм. Япон эдгээр арлыг буцаан авахыг Оростой албан ёсны энхийн гэрээ байгуулах нөхцөл гэж үздэг.
“Энэ айлчлал Японы ард түмний сэтгэл санааг шархлуулсан хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй явдал” гэж Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи телевизээр мэдэгджээ.
Тэрбээр “Оросын тал энэ асуудлын ноцтой байдлыг бүрэн ухамсарлана гэж найдаж байна” хэмээн нэмж хэлсэн байна.
Үүнээс хэдхэн цагийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Японы Ерөнхий сайдын мэдэгдлийг няцаажээ. Оросын төрийн мэдээллийн агентлагуудын эш татсанаар Захарова Итуруп арал нь Курилийн бусад арлын адил “хууль ёсоор манай улсын салшгүй хэсэг”, Японы албан тушаалтнууд Оросын төрийн тэргүүн өөрийн улсын аль бүс нутагт очиж болох, болохгүйг Москвагийн талд зааж өгөх хэмжээнд “илт даварсан” гэж мэдэгдсэн байна.
2022 онд Путин Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш Москва, Токиогийн харилцаа муудсан. Япон бусад улс орны хамтаар Оросын довтолгоог буруушааж, Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
Путины айлчлал нь Япон Дэлхийн II дайнд бууж өгсний 81 жилийн ойг тэмдэглэхээс хоёр хоногийн өмнө болж байна. Уг айлчлалаас нэг өдрийн өмнө Умард Солонгос Япон болон Умард Солонгосын хоорондох тэнгис рүү пуужин харвасан нь Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан томоохон цэргийн сургуулилалтын өмнөхөн болсон.
Путин Итуруп арлын сургууль, эмнэлэг, загас боловсруулах үйлдвэрээр зочилжээ. ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг ТАСС-ын мэдээлснээр энэ нь түүний маргаантай Курилийн арлуудын бүсэд хийсэн анхны айлчлал аж.
“Танай энд цаг агаар ямар сайхан юм бэ, яг л амралтын газар шиг!” хэмээн Путин оршин суугчдад хандан хэлсэн нь Кремлийн нийтэлсэн дүрс бичлэгт гарчээ.
Японы Гадаад хэргийн яам ОХУ-аас суугаа Элчин сайд Николай Ноздревийг дуудаж, айлчлалыг эсэргүүцсэн албан ёсны дипломат эсэргүүцэл хүргүүлсэн байна.
Хариуд нь ОХУ-аас Токио хотод суугаа Элчин сайдын яам эдгээр арлыг Оросын салшгүй хэсэг гэдгийг онцлоод “хууль ёсны олон улсын үндэслэлээр” Оросын нутаг дэвсгэр болсон гэж мэдэгджээ.
Элчин сайдын яам мөн “Ерөнхийлөгч өөрийн улсын нутаг дэвсгэр дотор зорчих асуудал нь бүхэлдээ Оросын удирдлагын шийдвэрлэх асуудал. Гадаадын улс орнуудтай хэлэлцэх сэдэв байж болохгүй” гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гарагт ОХУ-ын Элчин сайд Ноздрев болон БНХАУ-аас Японд суугаа Элчин сайд Ү Жяньхао нар Дэлхийн II дайны үр дүнг өөрчлөх оролдлогыг эсэргүүцэхээ илэрхийлсэн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийг дахин цэрэгжүүлэхийг эсэргүүцсэн. Энэ нь Москва Японы арлуудын талаарх газар нутгийн шаардлагыг няцаахдаа ашигладаг байр суурьтай адил юм.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга, Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ эдгээр арлууд “Оросын газар нутаг байсан, байгаа, цаашид ч байх болно” гэжээ.
Тэрбээр “Үүнийг ойлгохгүй байгаа хэн боловч төөрөгдлийнхөө аймшигт үр дагавартай тулгарна” хэмээн нэмж бичсэн байна.