
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.
Тэрээр "Оюутолгойн холбогдох асуудлууд дээр түр хороо байгуулагдан ажилласан. Төрийн 30 гаруй байгууллагаас 92467 хуудас нотлох баримт цуглуулсан. 2025 оны арванхоёрдугаар сард гурван өдрийн сонсгол явуулсны үр дүнд хурлын тэмдэглэл 490 хуудас материал цугласан. Сонсголоор цугласан 92467 хуудас нотлох баримтаас 49 хувь нь олон нийтэд нээлттэй байдаг. Энэ 49 хувийн нээлттэй мэдээллийг parliament.mn хуудсанд тусгай цэс нээж олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Нууцын тамга дарсан бусад мэдээллийг ч нээлттэй болгох ёстой.
Оюутолгойн 66 хувийг эзэмшигч "Рио Тинто" компани Австрали, Английн хөрөнгийн биржэд бүртгэлтэй олон улсын хууль, конвенцийг дагадаг зарчимтай. Монгол Улс болон Австрали, Англи улсын авлигатай тэмцэх газруудад албан ёсоор хандаж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас гадна Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Австрали улсын Үнэт цаас хөрөнгө оруулалтын зохицуулах хороонд нотлох баримтын хүрээнд хянан шалгах мөрдөн шалгах чиг үүргийнх нь хүрээнд хандаж байна. Энэ хандаж байгаа гол зорилго нь нээлттэй сонсгол тусгай шалгалтын явцад цугларсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Оюутолгой төслийн 66 хувийг шууд бусаар эзэмшдэг төслийн менежер "Рио Тинто" группын Монгол Улс дах үйл ажиллагаа ялангуяа Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээ болон холбогдох бусад хэлцлийг байгуулах болон хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиглах замаар өөрийн талд илт давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг сонсголоор гэрчийн мэдүүлгээс илэрч гарсан.
Мөн "Рио Тинто" компанийн зүгээс өөрт ашигтай байдал үүсгэхийн тулд Монголын нийгмийн сэтгэл зүй, улс төрийн орчинд нөлөөлөх зорилгтой далд үйл ажиллагаа хэрэгжүүлж төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явц, олон нийтийн ойлголтод нөлөөлсөн талаар нээлттэй сонсголын явцад гэрчүүд мэдэгдсэн. Гэрчүүдийн мэдүүлгэд үндэслэн үндэстэн дамнасан санхүүгийн зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл ажиллагаа явагдсан эсэхийг шалгах ёстой" гэв.