
Сонгуулийн өмнөх санал асуулгад өнгө муутай яваа холбоотноо дэмжихээр Дональд Трамп нийгмийн сүлжээгээр Унгарын ерөнхий сайд Виктор Орбаныг харамгүй магтав.
16 жил засаглаж буй үндсэрхэг үзэлт Ерөнхий сайд нэгэн цагийн хамтран зүтгэгч Петер Магярын үүсгэн байгуулсан ТИСА намд ялагдаж, энэ хавар Унгарын улс төрд эргэлт гарах магадлалтай тул Трампын засаг захиргаа “эх оронч Европын намуудыг дэмжих” Үндэсний аюулгүй байдлын стратегидаа Орбаныг багтаасан хэрэг. Анх 2016 оны сонгуульд нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн Европын цөөн удирдагчдын нэг тул Орбан, Трампын дотно холбоотон байхаас аргагүй. Түүний цагаачлалыг хумих, бэлгийн цөөнхийн эсрэг хатуу байр суурь зарим талаараа Трампад “MAGA” зорилтоо тодорхойлох урам зориг өгсөн гэж хэлж болно.
2026 оны дөрөвдүгээр сард Унгарт болох парламентын сонгууль Европын хувьд ч холбооны үнэт зүйлсийг сорьсон чухал үйл явдал болно. Цагаачлалын бодлогыг сөрж дүрвэгчдэд хилээ хаан, нэгдсэн мөнгөн тэмдэгтээс үндэсний форинтийг илүүд үзэн, Украиныг зэр зэвсгээр дэмжихийн эсрэг хатуу байр суурь баримталдаг Орбан Европын холбооны шүдний өвчин болсоор удаж буй. Гурван арванд дөхөж буй улс төрийн замналаа Орбан либерал оюутны хөдөлгөөний манлайлагчаар эхлүүлж байсан бол дараа нь барууны консерватив шинэчлэгч, эцэст нь дүр эсгэсэн ардчиллын Европ дахь хамгийн тод төлөөлөгч болгон хувирсан юм.
Виктор Орбан 1989 онд Зөвлөлтийн цэргийг Унгараас гаргахыг ил тод шаардан ардчиллын бэлгэдэл болж явлаа. Тэр цагт Орбаны үүсгэн байгуулсан Фидес нам жинхэнэ утгаараа залуу, либерал, барууны чиг баримжаатай хөдөлгөөн байсан юм. Гэвч өнөөдөр Орбан Европын либерализмын хамгийн том шүүмжлэгч. 1990-ээд оны дунд үеэс Орбан улс төрийн чиг баримжаагаа аажмаар өөрчилж үндэсний консерватив, католик үнэт зүйл, төрийн оролцоог сурталчлах болсон. 1998–2002 онд анхлан Ерөнхий сайдаар ажиллахдаа үндэсний капиталыг дэмжих, хэвлэл мэдээлэлд нөлөөгөө тэлэх, төрийн институцуудыг төвлөрүүлэх эхлэлийг тавьж чаджээ. Ээлжит сонгуулиар ялагдал хүлээсэн ч 2010 онд засгийн эрхэнд эргэн ирэхдээ Орбан зөвхөн бодлого бус, тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн билээ. Үндсэн хуулиас эхлээд шүүх, хэвлэл мэдээлэл, сонгуулийн тогтолцоог шинэтгэсэн энэхүү өөрчлөлт түүний өөрийн тодорхойлолтоор бол “барууны либерал ардчиллаас ялгаатай, үндэстэн төвтэй төрийн загвар” байв. Харин Европын удирдагчид түүний загварыг “ардчиллын ухралт” гэж нэрлэдэг.
Виктор Орбан 2015 оны дүрвэгсдийн хямралаас хойш цагаачлалын эсрэг хатуу бодлого явуулж, хил дээрээ хашаа барин Өрнөдийг исламын нөлөөнөөс хамгаалахаа тунхагласан нь Зүүн Европын улсуудын дэмжлэгийг хүлээсэн ч баруун европчууд Виктор Орбаныг тивийн эв нэгдлийг бутаргагч гэж үздэг.
Орбаны засаглалын хамгийн том сорилт Европын холбооны харилцаа байж ирсэн. Унгар 2004 онд Европын холбоонд элсэхдээ либерал ардчиллын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрсөн ч Орбаны бодлого эдгээр зарчимтай илт зөрчилдөж эхэлсэн юм. Брюсселийн удирдагчид Унгарыг шүүхийн хараат бус байдлаа сулруулан, хэвлэл мэдээллийг улс төрийн хяналтад оруулж, иргэний нийгэм, их сургуулиудыг дарамталсан, сонгуулийн тогтолцоог эрх баригчдад ашигтайгаар өөрчилсөн гэж удаа дараа буруутгаж ирсэн. Үүний хариуд Орбан Брюсселийг “үндэстний бүрэн эрхт байдалд халддаг, соёлын дайралт хийдэг төвлөрсөн аппарат” хэмээн тодорхойлж, Унгарыг Европын доторх эсэргүүцлийн цайз болгон харуулахыг зорьсон аж.
Европын холбооны санхүүжилтийн маргаан тэдний зөрчлийг тод харуулдаг. Авлига, хууль дээдлэх ёсны асуудлаас шалтгаалан Брюссель Унгарт олгох олон тэрбум еврогийн санхүүжилтийг царцаасан нь Орбаны Засгийн газарт бодит дарамт болж хувираад буй. Инфляц, ханшийн уналт, амьжиргааны өртөг өссөнөөр энэ дарамт одоо иргэдийн өдөр тутмын асуудал болж, сонгогчдын итгэл алдарч эхэллээ.
2010 онд Виктор Орбан дахин засгийн эрхэнд эргэн ирэхдээ Унгарыг “Гадаадын санхүүгийн туршилтын талбар биш, үндэсний ашиг сонирхолд тулгуурласан эдийн засагтай улс болгоно” гэж амласан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд түүний нэртэй салшгүй холбоотой либерал бус ардчиллын нэр томьёо үүссэний зэрэгцээ “Orbanomics” хэмээх эдийн засгийн загвар ч бүрэлдэн тогтжээ. Экспортод чиглэсэн, хөгжиж буй зах зээлтэй Унгарт ДНБ нь 220 тэрбум ам.доллараас давдаг. 2010- 2019 оны хооронд Унгарын эдийн засаг тогтвортой өссөн. Ялангуяа цар тахлын өмнөх жилүүдэд ДНБ-ий өсөлт Европын дунджаас давж, 2021 онд эдийн засаг нь долоо орчим хувиар тэлсэн нь сүүлийн хэдэн арван жилийн дээд үзүүлэлт байв.
дээд үзүүлэлт байв. 2010 онд 11 хувь хүрч байсан ажилгүйдлийн түвшин 2020 он гэхэд дөрвөн хувь хүртэл буурсан нь маргаангүй амжилт. Үйлдвэрлэл, ялангуяа автомашины салбарт Германы хөрөнгө оруулалт эрчимжиж, Audi, Mercedes-Benz, BMW-гийн үйлдвэрүүд Унгарыг Төв Европ дахь үйлдвэрлэлийн зангилаа болгосон.
Орбаны гол философи бол нийгмийн халамжид суурилсан биш, хөдөлмөрт тулгуурласан эдийн засаг. Энэ хүрээнд орлогын татварыг нэг шатлалтай болгон, ААН-ийн татварыг Европт хамгийн доогуур түвшинд барьж, олон хүүхэдтэй гэр бүл, эхчүүдэд татварын хөнгөлөлт олгосон байдаг. Эдгээр бодлого нь нэг талаас бизнесийн орчныг таатай болгож, хөрөнгө оруулалтыг татсан бол нөгөө талаас орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн гэх шүүмжлэл дагуулжээ. Ялангуяа нэг шатлалтай татвар нь өндөр орлоготой хэсэгт илүү ашигтай туссан нь нийгмийн давхаргын ялгааг гүнзгийрүүлсэн гэж эдийн засагчид үздэг байна.
Нөгөөтэйгүүр Орбаны эдийн засгийн загвар цэвэр либерал биш. “Үндэсний хөрөнгөтнөө бойжуулах” нэрийн дор стратегийн салбаруудад төрийн оролцоог нэмэгдүүлж, банк, эрчим хүч, хэвлэл мэдээллийн салбарт төрд ойр бизнесийн бүлэглэлүүдийг хүчирхэгжүүлсэн бодлого нь авлигын дуулиан дагуулж буй. Тиймдээ ч Европын холбоо Унгарыг хууль дээдлэх зарчим зөрчсөн гэж үзэн олон тэрбум еврогийн санхүүжилтийг царцаасан нь эдийн засгийн өсөлтийн ирээдүйд бодит эрсдэл үүсгэж байна.
2010-аад он Орбаны эдийн засгийн алтан үе байсан бол 2022 оноос хойш эсрэг дүр зургийг харуулж эхэлсэн. Эрчим хүчний хямрал, Орос-Украины дайн, дотоод бодлогын алдаа нийлж, Унгар Европ дахь хамгийн өндөр инфляцтай орнуудын нэг болов. 2023 онд инфляц 25 хувиас давж, өрхийн бодит орлого огцом буурсаны зэрэгцээ төсвийн алдагдал тэлж, эдийн засгийн өсөлт бараг зогсонги байдалд ороод байна.
Орбаны олон нийтийг чиглэсэн татаас, үнийн хязгаарлалтын бодлогууд богино хугацаанд улс төрийн ашиг авчирсан ч урт хугацаанд төсөвт дарамт болон хувирчээ.
Орбан өмнө нь ч инфляцтай, дотоод эсэргүүцэлтэй, олон улсын зүгээс дарамттай сонгуульд орж ялж байсан. Гэхдээ энэ удаад ялгаа бий. Сөрөг хүчин илүү эмх цэгцтэй болж залуу сонгогчид идэвхжсэнийг дутуу үнэлж болохгүй. Ялангуяа хотын дундаж давхаргынхан урьдынх шиг түүнийг тэвчихээ больж эхэлсэн. Тэдэнд соёлын дайн биш, орлого хэрэгтэй. Европын доторх либерал бус загвар орбанизм тэсэж үлдэх эсэхийг хоёр сарын дараа Унгарт болох сонгууль харуулна.