
Монголчууд гүйх соёл, эрүүл амьдралын хэв маягт нэгдэж, жилд нэг өдрийг автомашингүй өдөр болгохыг дэмжээд аль хэдийн 11 дэх жилтэйгээ золгож байна. Энэ ч утгаараа жилдээ ганц удаа төв замаа чөлөөлж, спортоор амьсгалахыг нийслэлчүүд уриалгахан хүлээж аван "Улаанбаатар марафон"-д идэвхтэй оролцдог билээ. Гэвч энэ жилээс эхлэн хотын удирдлагууд автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулахаар шийдэж, дээр нь "Шөнийн марафон" нэрээр хотын төвийн гол замуудыг хаахаар болсон нь өвлийн бэлтгэл, амин хувийн ажлаа амжуулж буй иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас есдүгээр сарын 26-н буюу энэ бямба гарагт автомашингүй өдөр болгож буйгаа зарласан бөгөөд тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулах нэрээр авто зам төдийгүй томоохон зах, худалдааны төвүүдийг хаахаар төлөвлөжээ.
Иргэдийг спортоор хичээллүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нь өөрөө буруу зүйл огт биш. Гүйх хүсэлтэй нь гүйж, спортоор хичээллэх хүсэлтэй нь оролцож болно. Гэхдээ нийтийн арга хэмжээ зохион байгуулж буй удирдлагууд түүнд оролцохгүй байгаа олон мянган иргэний өдөр тутмын хэрэгцээг мөн тооцох учиртай. Амралтын өдөр ажилдаа явж байгаа хүн бий, эмнэлэгт очих шаардлагатай нэгэн ч бий. Мөн хүүхдээ салхинд гаргах, ах дүү, ойр дотнынхонтойгоо уулзах, бараа бүтээгдэхүүнээ хүргэх, худалдаа наймаагаа хийх, бизнесийн ажлаа амжуулах гээд нийслэлчүүдийн өдөр тутмын амьдрал автомашингүй өдрөөр зогсохгүй. Нөгөөтэйгөөр, нийслэлчүүд сүүлийн саруудад замын хөдөлгөөний хязгаарлалтыг нэг бус удаа мэдэрлээ. Ердөө өнгөрсөн наймдугаар сард COP17 олон улсын бага хуралтай холбоотойгоор хотын тодорхой байршлуудад зам хааж, түүний араас хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн замын ачааллыг зохицуулах нэрийдлээр тэгш, сондгой дугаараар зорчих зохицуулалтыг бүтэн нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хүртэл "Итгэл, Найдвар, Боломж - Улаанбаатар 2026" бүх нийтийн марафон гүйлттэй холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Дүнжингаравын зам (урд зам) дагуу Маршалын гүүр хүртэлх чиглэлд авто замын хөдөлгөөнийг түр хааж, хязгаарлалт хийсэн билээ.
Энэ мэт арга хэмжээ, хязгаарлалтаас болж иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнд хүндрэл учрахаас гадна худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, орлого буурах, хүргэлт, тээвэр саатах зэргээр эдийн засгийн тодорхой хэмжээний хохирол амссаар байна.
Ийнхүү алдагдлаа арайхийн цэгцэлж, үйл ажиллагаагаа хэвийн голдиролд нь оруулах гэж хичээж буй яг энэ үед дахин замын хөдөлгөөнийг хааж, хотын амьдралыг царцаах нь хэр оновчтой шийдвэр вэ, хотын удирдлагуудаа.
Өвөлд бэлэн үү
Угаас жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгууллаа гээд Улаанбаатарын түгжрэл арилахгүй нь тодорхой. Намар бол ялангуяа гэр хорооллын иргэдийн хувьд өвлийн бэлтгэлээ хангах хамгийн чухал, хариуцлагатай үе. Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх есдүгээр сарын 28-ны даваа гараг гэхэд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, улмаар 4-5 хоногийн турш эрс хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулсан. Үүнээс урьтаж гэрээ дулаалах, амины орон сууцныхаа засвар зайг бөглөх, түлээ түлшээ базаах, тариаланчид хураасан төмс, хүнсний ногоогоо цаг дулаан дээр борлуулах гээд айл өрх бүрийн өмнө цаг хугацаатай уралдаж буй амин чухал ажлууд хүлээж буй. Гэтэл энэ их ажлын дундуур шөнийн марафоны төлөө иргэд бүтэн өдрийн ажлаа алдах ёсгүй. Нэг ёсондоо иргэдэд ганцхан өдрийн шоунаас илүү өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайтар хангаж амжих нь чухал. Хэрэв жилдээ хэдэнтээ марафон зохион байгуулах бол хотын гадна зохион байгуулах нь илүү зөв шийдэл.
Өнгөрсөн тавдугаар сард болсон Улаанбаатар марафоныг зохион байгуулахад нийслэлээс 900 сая төгрөг гаргасан талаар хотын орлогч асан А.Амартүвшин мэдээлж байв. Тэрээр” Улаанбаатар марафоныг зохион байгуулахад 900 сая төгрөгийг гаргасан. Олон улсын марафон учраас бэлтгэл ажил, шагнал гээд зардалд гаргасан. Гэхдээ бид буцаагаад оролцогчид болон ивээн тэтгэгчдээс 1.2 тэрбум төгрөгийн орлого олсон” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгч байсан билээ. Тэгвэл орлогч даргын хэлснээр ашиг олсон мөнгөөрөө нийслэл энэ арга хэмжээг зохион байгуулах зам талбайгаа бүтээн байгуулж, тэндээ зохион байгуулдаг болбол хэн хэндээ халгүй зөв шийдэл болно. Бидэнд COP17-т зориулж байгуулсан, тохижуулсан зам талбай бэлэн байгаа. Үүнийгээ нэмж тохижуулаад, энэ арга хэмжээг тэр хэсэгтээ зохион байгуулж болно. Эсвэл бүр хотоос гаргаж, тусгай зориулалтын маршрутаар явуулах ч боломжтой. Тэндээ гэрэлтүүлэг, аюулгүй байдал, нийтийн тээврийн холболтыг нь иж бүрэн шийдээд өгчих хэрэгтэй. Ингэж чадвал гүйх хүсэлтэй хүмүүс нь дуртай зүйлээ хийж, хотын бусад иргэд ажил амьдралаа ямар нэгэн чирэгдэлгүйгээр хэвийн үргэлжлүүлж чадна.
Эцэст нь Улаанбаатарт өнөөдөр шийдэх ёстой асуудал автомашингүй өдрөөс хэд дахин их байна. Замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдол, өвөлжилтийн бэлтгэл, гэр хорооллын дэд бүтэц, ус, дулаан, цахилгааны асуудал гээд ужиг урт жагсаалт бий. Ийм олон тулгамдсан асуудлын дунд нийслэлийн захиргаа иргэдийн амьдралд хамгийн бага саад учруулах байдлаар олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах нь хэн хэндээ чирэгдэлгүй шийдвэр болох биз ээ.