
Францын импрессионист зураач Пьер-Огюст Ренуарын хоёр бүтээл Францын өмнөд хэсгийн Кань-сюр-Мер хот дахь Ренуарын музейгээс хулгайлагджээ.
Хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 8-ны өглөө гарсан бөгөөд хулгайчид цэцэрлэгийн хашааг сэтлэн, цонхоор нэвтэрч музейд орсон байна. Хулгай хийсэн этгээдүүд эхэндээ Ренуарын дөрвөн зургийг авч гарсан ч дохиолол ажиллаж, цагдаа нар түргэн ирсний улмаас хоёр бүтээлээ музейн цэцэрлэгт орхин зугтсан аж. Ийнхүү "Худгийн дэргэдэх залуу бүсгүй" болон "Хатагтай Колонна Романогийн хөрөг" хэмээх хоёр зургийг авч явжээ.
"Худгийн дэргэдэх залуу бүсгүй" зургийг 1886 оны орчим бүтээсэн ба модон хавтан дээр тосон будгаар зурсан бол "Хатагтай Колонна Романогийн хөрөг" нь 1910 оны орчим бүтээсэн тосон хөрөг юм. Хоёулаа Парисын Орсэ музейн сангийн бүтээл бөгөөд Ренуарын музейд удаан хугацаагаар хадгалуулахаар байршуулж байжээ. Тус хоёр бүтээл нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Францад эргүүлэн олгосон MNR (Musées Nationaux Récupération) ангиллын бүтээлүүд бөгөөд хууль ёсны эздийн асуудал бүрэн шийдэгдээгүй, улсын хамгаалалтад хадгалагдаж ирсэн онцгой түүхтэй аж.
Одоогоор Францын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Хотын захиргаа алдагдсан бүтээлүүдийг үнэлж баршгүй соёлын өв хэмээн тодорхойлсон бөгөөд уг хэрэг Францын музейн аюулгүй байдлын асуудлыг дахин хурцаар хөндөж байна. Сүүлийн үед тус улсын хэд хэдэн музей урлагийн бүтээл, үнэт эдлэлийн хулгайн бай болсон нь соёлын өвийг хамгаалах тогтолцоонд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж буй.