
Цаг уур, орчны шинжилгээний газраас улирлын урьдчилсан төлөв буюу 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцууллаа.
2026 оны 12, 2027 оны 1, 2 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сар:
Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна
Нэгдүгээр сар:
Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Хоёрдугаар сар:
Агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Харин нэг болон хоёрдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.