2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Франц улсын нийслэл Парис хотод Исламын улс бүлгийн террористууд өргөн хүрээг хамарсан халдлага зохион байгуулсан юм. Уг халдлагын үеэр 132 иргэн амь эрсдэж, 400 гаруй хүн шархадсаны зуу нь хүндээр шархадсан.

Террористуудын халдлага Парис хотын иргэд, Франц улсын ард түмнийг цочирдуулснаас гадна Европын холбооны улс орнуудад ч мөн хүнд цохилт болсон юм. 2004 онд Испанийн нийслэл Мадрид хотын галт тэргэнд террористууд тэсрэх бөмбөг дэлбэлж 193 хүний амийг хохироосноос хойш Европын холбооны хэмжээнд гараагүй том хэмжээний террорист халдлага 2015 онд Парист болжээ.

Өчигдөр улс орон даяар арван жилийн өмнө гарсан террорист халдлагын хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд халдлагын хохирогчдын ар гэрийнхэн, төрөл төрөгсөд төдийгүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүн хатагтайн хамт, Парис хотын дарга Энн Идалго зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон байна.

Мөн хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж Парисын алдарт Дарь эхийн сүмийн хонхнуудыг дуугаргажээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ хохирогчдын ар гэрийнхний туулсан зовлон шаналал хүлцэшгүй бөгөөд байж боломгүй, шударга бус гэдгийг онцоллоо. Мөн хэдийгээр арван жил өнгөрсөн боловч францчуудын амссан бие сэтгэлийн шарх эдгэлгүй үлдсэн гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн байна. 2015 оны уг халдлагаас хойш арван жилийн хугацаанд Франц улсад 85 удаа зэвсэгт халдлага гарчээ.

Эммануэль Макрон болон арван жилийн өмнө болсон халдлагаас амьд үлдсэн иргэдийн бүлгэмийг тэргүүлдэг Артур  Денуво нар террорист халдлагын хохирогчдыг нэгтгэдэг ганц зүйл нь “Дахин нэг ч хүн энэ зовлонг бүү амсаасай” гэсэн хүсэл байдгийг хүндэтгэлийн арга хэмжээн дээр дурдлаа.

Арван жилийн өмнөх халдлагыг Исламын улс бүлэг зохион байгуулж үйлдсэн. Парист байдаг Францын үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Батаклан концертын танхим, бусад хүн их цугладаг зоогийн газар, кафенуудад амиа золиослогчид халдлага үйлдэж, тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм.

Батакланд Америкийн Eagles of Death Metal хамтлагийн тоглолт болж байсан бөгөөд террорист халдлагын үеэр 90 орчим хүн нас баржээ. Террористуудын халдлага үйлдэхээр товлосон өөр нэг гол байршил болох Францын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы хөлбөмбөгийн багууд нөхөрсөг тоглолт хийж байжээ. Жихадист этгээд цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтэрч тэнд цугласан үзэгчдийн дунд өөрийгөө дэлбэлэхийг оролдсон ч төв хаалгаар нэвтэрч чадаагүй. Гэсэн ч цэнгэлдэх хүрээлэнгийн гадна халдлага үйлдсэн.

Нийт арван жихадист халдлагуудыг биечлэн үйлдсэн бөгөөд ганц хүн амьд үлдэж бусад нь амиа золиосолж, аль эсхүл цагдаа нарт буудуулж хэргийн газартаа амь үрэгджээ. Амьд үлдсэн жихадист 36 настай Салах Абдеслам бүх насаараа хоригдох ялаа эдэлж байна.

Францын Засгийн газар халдлагын дараа улс даяар гурван сарын хугацаанд онц байдал зарласан юм. Терроризмын эсрэг эрчимтэй тэмцлийг эхлүүлж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, цагдаа нарт тусгай зөвшөөрлөөр сэжигтэй этгээдүүдийг барих, гэрийн хорионд оруулах эрхийг олгож байжээ. Мөн Сири, Иракын нутаг дэвсгэрт Исламын улс бүлгийг устгах ажиллагаанд нэгдэж Шаммал агаараас цохилт өгөх довтолгоог эхлүүлсэн юм.