
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 300 суралцагч шалгарчээ. Тэд 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцана.
Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх мэдлэг, чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор тухайн жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 500 хүртэлх суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгодог билээ.
Ийнхүү тэтгэлэгт шалгарсан 300 суралцагчдад Боловсролын зээлийн сангийн Ажлын албанаас чиглүүлэх уулзалт зохион байгууллаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн эрх, үүрэг, санхүүжилтийн журам, цахим гэрээ байгуулах үйл ажиллагаа, шаардлагатай баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгч, цаашдын суралцах үйл явцад шаардлагатай зөвлөгөө, чиглэл хүргэсэн байна.