
Эдийн засаг өсөж байна гэх мэдээ сүүлийн үед олонтаа сонсогдох боллоо.
Энэ жилийн хувьд экспорт нэмэгдэж, уул уурхайн орлого өсөж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд ч өмнөхөөсөө өөдрөг дүр зурагтай харагдана. Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 7.7 хувьд хүрч, экспорт, тээвэр зэрэг салбарын идэвх нэмэгдсэн нь ерөнхий үзүүлэлтэд эергээр нөлөөлжээ. Үүний дүнд экспортын орлого 14.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 57 хувиар өссөн бол төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Гэвч макро түвшний энэ өсөлт айл өрхийн амьдрал дээр төдийлөн мэдрэгдэхгүй хэвээр байна. Эдийн засаг өсөж байгаа ч иргэдийн өдөр тутмын хэрэглээнд үнийн өсөлт илүү хүчтэй мэдрэгдэж, сарын орлогоо хүнсэндээ хүргэхэд улам л бэрх боллоо.
2026 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн байна. Мөн иргэдийн бодит орлого 4.8 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин нэг хувиар өссөн бол өрхийн бодит хэрэглээ 4.1 хувиар агшсан нь эдийн засгийн өсөлт өрхийн орлого, амьжиргаанд хангалттай нөлөөлж чадахгүй байгааг харуулж буй.
Үндэсний статистикийн хорооны 2026 оны II улирлын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 2 сая 750 мянган төгрөг болжээ. Өмнөх оны мөн үед энэ үзүүлэлт 2 сая 889 мянган төгрөг байсан бөгөөд нэг жилийн хугацаанд ойролцоогоор 140 мянган төгрөгөөр буурсан байна.
Бодит орлого ийн буурахад өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, хөрөнгийн орлого болон мөнгөн бус орлого буурсан нь нөлөөлжээ. Үүнээс гадна өрхийн орлогын ялгаа ч анхаарал татаж буй. Хамгийн бага орлоготой өрхийн сарын дундаж орлого 2.1 сая төгрөг байгаа бол хамгийн өндөр орлоготой өрхийнх дунджаар 5.3 сая төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр болон хамгийн бага орлоготой бүлгийн өрхүүдийн хооронд 2.5 дахин зөрүү байгаа юм.
Орлогоо дагаад өрхийн зарлага буурсангүй. Харин ч нэг өрхийн сарын дундаж зарлага 3.3 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 178 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхүүд нийт зарлагынхаа 72.5 хувийг буюу 2.2 сая төгрөгийг үйлчилгээний худалдан авалтад, зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд 700 гаруй мянган төгрөг зарцуулж байна.
Хүнсний зардлын дийлэнх хувийг мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын энгийн хэрэглээ эзэлж байгаа аж. Өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний үнэ ийнхүү өсөхийн хэрээр өрхийн тогтмол зардал нэмэгдэж буй. Эдийн засгийн шинжлэх ухаанд өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр нийт зарлагад хүнсний зардлын эзлэх хувь буурах хандлагыг “Энгелийн хууль”-тай холбон тайлбарладаг. Уг хуулиар орлого багатай эсвэл амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн хувьд хоол хүнс зэрэг анхдагч хэрэгцээнд зарцуулах зардлын жин үргэлж өндөр байдаг. Монголын нэг өрх сарын дундаж зарлагынхаа 700 гаруй мянган төгрөгийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байгаа нь нийт зарлагын 21 орчим хувьтай тэнцэж байна. Олон улсын жишгээр бол хөгжингүй орнуудын айл өрхүүд нийт орлого, зарлагынхаа ердөө 6-11 хувийг л хоол хүнсэндээ зарцуулдаг аж. Жишээлбэл, АНУ-ын дундаж өрх 6.4 хувь, Сингапур 6.7 хувь, Их Британи 8.2 хувийг хүнсэндээ зарцуулдаг. Гэтэл манай улсын хувьд энэ үзүүлэлт даруй хоёр дахин өндөр байгаа юм. Тэр дундаа энэ зардлын гол хэсэг нь мах, гурил, сүү зэрэг өрхийн анхдагч орлуулах боломжгүй зайлшгүй хэрэглээ аж. Үүн дээр нэмэгдээд өрхийн бусад хэрэглээ, хувцас хунар, боловсрол, эрүүл мэндэд үлдэх мөнгийг оролцуулбал иргэдийн орлого хаанаа ч хүрэхгүй. Саяхан буюу наймдугаар сарын байдлаар хүнсний үнэ 21.5 хувиар өссөн нь өрхүүдийн нуруун дээрх энэ дарамтыг улам нэмэгдүүлэв.
Ийнхүү нэг талд өрхийн бодит орлого буурч, нөгөө талд өдөр тутмын зайлшгүй зардал өссөнөөр иргэд хэрэглээгээ хэвээр хадгалахын тулд энэхүү санхүүгийн зөрүүг зээлээр нөхөхөөс өөр сонголтгүй болж байна.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жүхёнь Жонг
Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн хэвээр байгаа ч уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байна. Уул уурхайн орлогыг урт хугацаанд үр өгөөж өгөх хөрөнгө бий болгоход зарцуулахын зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлж, ирээдүйд тохиож болзошгүй цочролыг давж гарах чадварыг бэхжүүлэх нь өнөөгийн тулгамдсан сорилт болж байна.
Монголчуудын дунд “цалин орлоо, халин одлоо” гэх гашуун хошигнол их алдартай. Сарын цалин гар дээр буумагц хоол хүнсээ цуглуулж, байрны түрээс, ус дулаан гэх мэт зайлшгүй төлбөрүүдээ өгөөд л түрийвч хоосорчихдог. Үүний улмаас дараагийн сарын цалин орох хүртэлх хугацаанд наад захын хэрэгцээгээ хангахын тулд иргэд гар утаснаасаа цахим зээл авах нь сүүлийн жилүүдэд элбэгшсэн. Үнийн өсөлтөөс шалтгаалж хэрэглээний зээл хавтгайрч байгаа тул арилжааны банкууд чанаргүй зээлийн эрсдэлээс сэргийлж, хэрэглээний зээл олголтоо танаж эхэлсэн. Банкуудын хумигдсан энэ орон зайг цахим зээлийн аппликэйшнүүд нөхөж, өнгөрсөн онуудад эрчимтэй өргөжсөнөөр өнөөдөр иргэдийн дийлэнх нь “аппликэйшны зээл”-ийн хамааралтай болжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайлангаар, Банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) харилцагчдын тоо 2026 оны I улирлын байдлаар 4.3 саяд хүрч, зээлдэгчдийн тоо 3.5 сая болсон нь тус салбарын үйлчилгээ нийгмийн өргөн хүрээнд хүрснийг нотолж буй. Үүний дотор финтек буюу цахим зээлийн суваг хамгийн өндөр өсөлттэй хэвээр байгаа бөгөөд өдгөө 82 ББСБ, 77 аппликэйшнээр дамжуулан зээл олгож байна. Зөвхөн аппликэйшнээр үйлчилгээ авч буй зээлдэгчдийн тоо дангаараа 3.2 саяд хүрчээ. Үүнээс гадна тайлант хугацаанд тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын тоо 578-д хүрч, өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өссөн нь салбарын хамрах хүрээ, үйлчилгээний төрөл улам бүр өргөжиж буйг харуулна.
Жирийн өрхүүд амьжиргааныхаа цоорхойг цахим аппликэйшний өрөөр ийнхүү аргацааж байгаа нь өнөөдөр өдөр тутмын амьдралд ердийн нэг санхүүгийн гарц мэт харагдаж болох ч, цаагуураа макро эдийн засагт туйлын аюултай өрийн дарамтыг бий болгож буй. Хэрэглээгээ өрөөр санхүүжүүлдэг энэхүү далд давлагаа сүүлийн жилүүдэд хэрхэн томорч байгааг дараах тоо баримт илтгэнэ.
2009 онд Монгол Улсын хэмжээнд ББСБ-уудын нийт зээлийн багц ердөө 55 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эцэс гэхэд энэ тоо 7.2 их наяд төгрөгт хүрч, 16 жилийн дотор даруй 130 дахин томорчээ.
ББСБ-уудын зээл 16 жилийн өмнөхөөс 130 дахин томорсон нь иргэдийн цалингийн бодит өсөлтийн хурдаас хэд дахин өндөр байна. Үүний уршгаар дээр дурдсанчлан иргэд гар дээрх бэлэн орлогодоо биш, ирээдүйн орлогоороо өнөөдрийн суурь хэрэглээгээ урьдчилж санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрээд буй. Бүр аюултай нь иргэдийн хэрэглээний нийт өр Дотоодын нийт бүтээгдэхүүний 29 хувьд хүрээд байгаа нь эдийн засгийн нөхцөл боломж, нэг хүнд ногдох баялгаараа манайхтай ойролцоо Казахстан улстай харьцуулахад даруй хоёр дахин өндөр байгаа юм. Уул уурхайн түүхий эдээс хамааралтай, макро бүтэц ижил хэмээн манайхтай харьцуулагддаг Казахстан улсын хүн ам орлогоосоо хуримтлал үүсгэж чадаж байхад, монгол хүн ДНБ-ийхээ гуравны нэгтэй тэнцэх хэмжээний өрийг зөвхөн хэрэглээндээ урьдчилж үрчихдэг нь энэ салбарт “өрийн халуурал” хэр аюултайг анхаарах шаардлагатай хэмжээнд хүрснийг харуулна.
Эцэст нь, ирээдүйд олох орлогоороо өнөөдрийн хэрэглээгээ нөхөх нь өрхүүдийг гэнэтийн санхүүгийн эрсдэлд эмзэг болгож, хуримтлал үүсгэх боломжийг улам хумидаг. Ингэснээр “Орлого хүрэлцэхгүй → Зээл авна → Ирээдүйн орлогоор өнөөдрийн хэрэглээг санхүүжүүлнэ → Сарын өр төлөлт нэмэгдэнэ → Хуримтлал багасна → Гэнэтийн зардал гарахад дахин зээл авна” гэсэн өрийн тойрог бий болдог.
Энэ тойрог удаан үргэлжилбэл өрхийн санхүүгийн уян хатан байдал суларч, иргэд орлогынхоо тодорхой хэсгийг ирээдүйд бус, өмнө нь хэрэглэсэн зээлээ төлөхөд зарцуулах нөхцөл үүснэ. Улмаар хуримтлал багасах тусам гэнэтийн зардлыг давах чадвар муудаж, дахин зээл авах хэрэгцээ нэмэгдэх эрсдэлтэй.
Иймээс эдийн засгийн өсөлтийг зөвхөн экспорт, үйлдвэрлэл, ДНБ-ий өсөлтөөр хэмжих нь хангалтгүй. Тэр өсөлт айл өрхийн орлого, худалдан авах чадвар, хуримтлалд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хамтад нь харах шаардлагатай. Эцсийн дүндээ эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд өр нэмэх замаар бус, орлого нэмэх замаар мэдрэгдэх ёстой билээ.