
Японы Осака мужийн цагдаа нар нийгмийн сүлжээ ашиглан гурван эмэгтэйг залилсан хэрэгт холбогдуулан 41 хүнийг баривчилжээ. Энэхүү луйвар нь өнгөрсөн онд Япон даяар ойролцоогоор 2300 хүнийг нийт 650 сая иенээр хохироосон гэж үздэг.
Цагдаа нар бүлэглэлийн ашиглаж байсан хэд хэдэн байршид нэгжлэг хийж, Осака хотын Ёдогава дүүргийн 29 настай компанийн удирдах ажилтан Шинго Мацүмүра болон өөр 40 хүнийг залилангийн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Сэжигтнүүд буруугаа хүлээсэн эсэхийг цагдаа нар мэдээлээгүй байна.
Цагдаагийн тусгай залилангийн мөрдөн шалгах хэлтсийн мэдээлснээр тус бүлэглэл олон дагагчтай нийгмийн сүлжээний хаягуудыг зуучлагчдаас худалдан авч, жинхэнэ инфлюэнсерүүдийн дүрд хувирч хохирогчдыг татдаг байжээ.
Луйврын схем нь эхлээд сургалтын төлбөр төлвөл хажуугийн ажлаар их хэмжээний орлого олох боломжтой гэж итгүүлэх хэлбэртэй байсан байна.
Мөрдөн байцаагчид Осака мужийн Сүйта хот дахь барилга зэрэг хэд хэдэн газарт нэгжлэг хийж, 1000 гаруй эд мөрийн баримт болох гар утас, компьютер хураан авчээ.
Сэжигтнүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын хооронд Осака мужийн гурван эмэгтэйг нийт 880 мянган иенээр залилсан хэрэгт буруутгагдаж байна.
Тэд нийгмийн сүлжээгээр дамжуулан affiliate marketing буюу хэрэглэгчдийн хийсэн худалдан авалт зэрэг үр дүнд үндэслэн шимтгэл авдаг маркетингийн тогтолцооны талаар “сургагч багш”-ийн зааврыг дагавал их мөнгө олох боломжтой гэж сурталчилжээ. Мөн дагагчдын тоо нэмэгдэх тусам орлого нь өснө гэж амласан байна.
Луйварчид өөрсдийгөө гоо сайхан болон хоол хийх чиглэлийн инфлюэнсер мэтээр дүр эсгэж “Энэ сургалтад хамрагдсанаар миний дагагчид эрс нэмэгдсэн” гэх мэт нийтлэлүүд оруулдаг байжээ.
Сургалтад бүртгүүлсэн хүмүүст дагагчдын тоог нэмэгдүүлэх тухай зарим мэдээлэл агуулсан гарын авлага илгээдэг байсан ч цагдаагийнхны хэлснээр тэдгээр материал нь бодит ач холбогдолгүй байсан аж.