
Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх улсын заан Батбаярын Сундуйжавтай ярилцлаа.
-Баянхайрханы ард түмэн “Хоёр заан”-ы мялаалга наадмыг өргөн дэлгэр хийлээ. Улсын заан цолонд хүрсэн таньд халуун талархал илэрхийлье. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Манай нутгийн ард түмэн Цэцэхайрхан зэрэг олон хайрхан уулаа шүтэж ирсэн. Нутгийн ард түмэн минь үеийн үед хайрхануудаа шүтэж, дээдэлж явдаг. Нутгийн ард түмэн минь цолыг минь мялааж баярласан сэтгэлээ илэрхийлж мялаалга наадмыг өргөн дэлгэр зохион байгууллаа. Баянхайрхан өсөж төрсөн хүүгийн хувьд өнөөдөр улсын цолны мялаалгыг хийж байгаадаа тун баяртай байна. Мөн нутгийн ард түмнийхээ халуун сэтгэлд баярлалаа.
-Энэ жилийн баяр наадамд Завхан нутгийн бөхчүүд цолоо ахиулж, түмэн олноо баясгалаа. Мэдээж энэ бүхэн дэвжээний хамт олны үр дүн. Таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Мэдээж сайхан байна. “Завхан Даян” дэвжээний бөхчүүд энэ жил Сүүж ууланд бэлтгэлд гарсан. Бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн. Энэ дашрамд, Улсын гарьд Б.Гончигдамба болон хүндийн бэлтгэлийн Ч.Март багшдаа баярлалаа. “Завхан Даян” дэвжээний ахан дүүс эвтэй найртай сайхан хамт олон байдаг. Бид бүхний итгэл зүтгэлээс улсын цолтнууд олон төрлөө. Д.Дагвадорж тэргүүндээ баярлалаа.
-Наадмын өмнө Дарханд болсон барилдаанд дархан аварга Н.Батсуурийг давсан шүү дээ. Баяр наадмын өмнөх энэ барилдаан олны анхааралд байлаа. Мөн Завхан нутгаас Сар шинийн барилдааны түрүү гээд ард түмний хүлээлт байсан?
-Завханчуудын хувьд сайхан жил байлаа. М.Лхагвагэрэл ахыг түрүүлнэ гэж ач холбогдол өгөлгүй яахав. Энэ итгэл найдварыг алдалгүй Лхагваа ах маань цолоо ахиуллаа. Би Дарханд болсон барилдаанд Н.Батсуурь аваргатай анх удаа таарч барилдлаа. Миний хувьд дархан аваргатай сайхан барилдсан. Тухайн үед давах агшин гараад мэхээ хийгээд давсан. Төрийн их баяр наадамд өөртөө итгэлтэй байсан. Надаас гарах бүхнийг гаргаж барилдана гэсэн бодолтой байсан.

-Баянхайрханчууын бахархал болсон аймгийн заан цолтон нэмэгдлээ. Нутгийн бахархалт заануудын бие биедээ урам зориг өгдөг байсан байх. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манай Б.Лхагварагчаа ах улсын наадмын өсвөрийн барилдаанд түрүүлж улсын шонхор болж байсан. Энэ амжилт бол бид бүхэнд маш том үлгэр дууриалал болж байлаа. Би өөрөө бөхөд дуртай байсан болохоор ахынхаа энэ амжилтаар бахархаж байлаа. Мэдээж энэ бүхнээс урам зориг авна шүү дээ. Ахын маань амжилт бас барилдахад минь их нөлөө болсон. Энэ жил ах маань аймгийн заан боллоо. Мөн нутгийн минь ард түмний сайхан сэтгэл шингэсэн “Хоёр заан”-ы наадам өргөн дэлгэр болж, нутгийн зон олондоо талархаж байгаагаа хэлмээр байна.
-Өсвөрийн барилдаанд түрүүлж, багштайгаа уулзаж байсан гэж сонслоо. Багштайгаа анх уулзаж байсан тухайгаа яриач?
-Би дунд сургуульд байхдаа өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлж байлаа. “Аваргын гараа” гээд багшийн минь зохион байгуулж байсан барилдаан байсан. Энэ тэмцээнд түрүүлсний дараа Б.Гончигдамба багштайгаа танилцаад шавиар орж байсан. Тухайн үед багш маань надад санал тавьсан. Би аав, ээж хоёртойгоо зөвлөлдөж байгаад бөхийн бэлтгэлдээ анхаарах болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл явж байна.
-Аймгийн начин цолонд хэрхэн хүрсэн тухайд?
-2023 онд Завхан аймгийнхаа 100 жилийн ойн барилдаанд тав давж начин болж байсан. Аймгийн начин цол авснаас хойш гурван жилийн дараа Төрийн их баяр наадамд долоо даван улсын заан цолонд хүрлээ.
-Баянхайрханчууд Цэцэнхайрхан тэргүүтэй уул, ус, тэнгэр хангайдаа хүндэтгэл үзүүлж “Хоёр Заан”-ы наадмаа сайхан хийлээ. Хайрхануудын өвөрт өссөн хүүгийн хувьд юу амлаж байна вэ?
-Манай энэ нутгаас өндөр цолтой бөхчүүд төрж байсан. Бөхтэй нутгийн хүүгийн хувьд тэр сайхан аварга, арслангуудын араас улсын цолонд хүрлээ. Мэдээж дархан аварга цолонд хүрэх мөрөөдөл, зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийнэ. Намраас заалны барилдаанд барилдаад эхэлнэ.
-Багш нар нь шавийнхаа амжилтаар бахархаж, омогшиж байна. Та бага ангийн багшийнхаа тухай юу хэлэх вэ?
-Миний ээж багш хүн. Намайг хичээл сурлаганаас хоцорно гэж ээж маань анх дуртай байгаагүй. Тэмцээн уралдаанд ороод ирэхээр ээж маань дэмжиж эхэлсэн. Би багаасаа бөх болно доо гэсэн бодолтой байсан. Аав, ээж минь бэлтгэл сургуулилт хийхэд анхаарч эхэлсэн. Миний бага ангийн багшийг Б.Чимэдрэгзэн гэдэг. Манай багш их мундаг хүн. Хүнд суурь боловсрол маш их хэрэгтэй. Миний суурь хүмүүжил, боловсролыг багш маань сайн тавьж өгсөн. Би Баянхайрханыхаа бэлд тоглож, өслөө. Цэцэнхайрхан, Дүнээ хайрхан, Цагаан овоо хайрхан, Их уул хайрхан гээд дөрвөн том хайрханаа шүтэж ирлээ. Нутгийн минь уул ус түшсэн байх. “Хоёр заан”-ы мялаалга наадмыг хийж буй нутгийн зон олондоо, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлдөө талархаж байна. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно.