
Ерөнхий сайд Н.Учрал бямба гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Хотын даргыг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүргээ гүйцэтгэлгүй махны зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн буруутгаж буй.
Харин Х.Нямбаатар үүний хариуд "Махны үнэ өссөн нь хотын даргын буруу, 2,500 тонн мах сох дутсан гэх ядмагхан улс төрийн мэдэгдэл хийж НИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан бидний ялалтыг сурсан аргаараа хулгайлж байгаа юм байна. Гэтэл үнэндээ өнөөдрийн махны үнийн өсөлт нь Н.Учралыг Эдийн засаг, хөгжлийн сайд байхад нь түлшний хомсдолд оруулсан буруу бодлогын уршиг. Н.Учрал Ерөнхий сайд болсноосоо хойш нийслэлийн хэрэгжүүлж байсан бүх төсөл хөтөлбөрийг зогсоосон. Даваа гарагт ажлаа ёс төртэй хүлээлгэж өгнө. Чи миний зовлогыг хорино уу гэхээс биш зориг зүрхийг хорьж барахгүй" хэмээсэн юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ тухайн шийдвэрийг зохих шатны иргэдийн хуралд нэн даруй мэдэгдэн Хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх заалттай аж.
Баасан гарагт эхэлсэн НИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөөдөр үргэлжлэх ч Нийслэлийн Засаг даргад шинээр нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан тохиолдолд шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлдэг. Долоо хоногийн өмнө НЗД-ын нэгдүгээр орлогчоор томилогдсон Г.Жаргалсайханыг баасан гарагт чөлөөлж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг оронд нь томилжээ.
Х.Нямбаатар өнөөдөр тамга тэмдгээ өгч Б.Мөнхбат хотын даргын үүргийг орлон гүйцэтгэх бололтой.