
Монголын дархан цаазат бүсийн түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд туслах зорилгоор хөгжлийн тусламжийн агентлагийнхаа ой хамгааллын мэргэжилтнүүдийг илгээхээр болсныг Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги мягмар гарагт мэдэгдэв.
“Бид Монголын засгийн газартай нягт хамтран ажиллаж, гамшгийн дараах нөхөн сэргээлт, байгаль орчны чиглэлээр шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны багц тусламж хүргэх болно” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр Тошимицу Мотэги онцлов.
Японы өдөр тутмын The Mainichi сонины мэдээлснээр Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн мэргэжилтнүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын үр нөлөөг судлан тайлагнахаар төлөвлөж байна.