
БНАСАУ Оросын талд тулалдсан цэргүүддээ зориулсан дурсгалын музейг нээж, Орос улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ илэрхийллээ.
2025 оны дөрөвдүгээр сард Умард Солонгос, Орос хоёр Украинтай хил залгаа Курск мужид болсон тулалдаанд хамтран оролцсон гэж мэдэгдсэн. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын тооцоолсноор Умард Солонгос ойролцоогоор 15 000 цэрэг илгээснээс 2000 орчим нь амиа алдсан байна.
Музейн нээлтийн ёслол нийслэл Пёньян хотод болж, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун оролцжээ. Мөн ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин, Батлан хамгаалахын сайд Андрей Белоуссов нар хүрэлцэн ирсэн байна.

Ёслолын үеэр Ким Жон Ун амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, тэднийг “ард түмний баатарлаг байдлын бэлгэдэл” гэж тодорхойлжээ. Тэрээр мөн АНУ тэргүүтэй барууны ноёрхлын эсрэг хамтран тэмцэж байгааг онцолсон байна.
Тусад нь хийсэн уулзалтын үеэр Ким Жон Ун Оросын бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалах бодлогыг бүрэн дэмжинэ гэж мэдэгдсэн тухай KCNA мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путины илгээлтэд уг музейг хоёр улсын “найрамдал, эв нэгдлийн бэлгэдэл болно" гэж дурдсан байна. Мөн хоёр улс стратегийн түншлэлээ улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Орос Украинд довтолсноос хойш Ким Жон Ун Москваг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгож, цэрэг болон зэвсгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Харин хариуд нь Умард Солонгос эдийн засгийн болон бусад тусламж авсан гэж үзэж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар анх илгээгдсэн Умард Солонгосын цэргүүд байлдааны туршлага дутмаг, газар орны онцлогийг мэдэхгүй байсан тул дрон, их бууны довтолгоонд амархан өртөж байсан ч цаг хугацааны явцад туршлага хуримтлуулж, Оросын стратегид чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.