
Япон улсын нийслэл Токио хотод болж буй дифлимпийн XXV наадмын 10 дахь өдөр чөлөөт бөхийн медальтнууд тодорлоо. Монгол Улсын баг тамирчдаас чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Н.Эрхэмбаяр, 74 кг-ын жинд Д.Чинзориг нар хүрэл медаль хүртлээ. Энэ нь уг наадамд оролцож буй манай баг тамирчдын анхны медалиуд юм.
Н.Эрхэмбаяр дифлимпийн наадмаас 2017 онд мөнгө, 2022 онд алтан медаль хүртэж байв. Энэ жил тэрээр гурав дахь медалиа хүртлээ. Харин ОУХМ Д.Чинзориг дифлимпийн наадмаас хоёр дахь медалиа авлаа. Тэрбээр 2017 онд мөнгөн медаль хүртэж байв.
“Токио 2025” дифлимпийн XXV наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөж байна. Наадамд манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцож байгаагаас өнөөдөр эхний медиалаа авлаа. Уг наадам лхагва гарагт өндөрлөнө.
Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй.
Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.
-660x0.jpeg)
