
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажилд оролцох саналыг дэлхийн 20 гаруй орны 55 компанид Гадаад харилцааны яам, болон Элчин сайдын яамдаар дамжуулан илгээсэн. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр эхний сонгон шалгаруулалтыг зарласан. Долоон улсын 13 аж ахуйн нэгж хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Үүнээс дөрвөн аж ахуйн нэгж нь эхний шатанд шалгараад байна. Эхний улиралд багтаан нэгийг нь сонгон шалгаруулахыг Засгийн газраас чиглэл болголоо. БНХАУ-ын гурав, Швейцарь улсын нэг компани бий.
1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
3. БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
4. Швейцарь улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.
Зэс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. "Эрдэнэт" үйлдвэрийн дэд бүтцийг ашиглуулах замаар тодорхой хувийг нь эзэмшүүлнэ. 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд үйлдвэртэй болно гэж тооцож байгаа" гэв.