ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулна.

Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах ба соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг багтаажээ. Мөн түүнчлэн фестивалийн үеэр зохион байгуулагдах “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцоно.