
Монголчууд бид эртнээс байгаль дэлхийгээ "Эх" хэмээн дээдэлж, өвс ургамал, ой модоо хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай. Гэвч хаврын улирал эхэлж, агаарын температур нэмэгдэхийн хэрээр ой, хээрийн түймэр гарах эрсдэл эрс нэмэгддэг. Тухайлбал, сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол оронд нийт 3961 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын тайлангаас үзэхэд 2002, 2015, 2025 онуудад ой хээрийн түймрийн тоо хамгийн өндөр байжээ.
Монгол Улсын нийт нутгийн 55.3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд тооцогддог. Ой, хээр бүхий нутгийн 98.5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг байна. Тодруулбал, нэгдүгээр ангилалд түймэр гарах магадлал өндөр, гарсан тохиолдолд хурдан тархах нөхцөл бүрдсэн бүсүүд хамаардаг бол хоёрдугаар ангилал нь мөн эрсдэлтэй боловч тархалтын хувьд харьцангуй бага нөхцөлтэй бүсийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, манай орны ой, хээрийн дийлэнх хэсэг түймрийн өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байна.
Сүүлийн дөрвөн жилийн статистикийг харвал,
Харин энэ жилийн хувьд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод зэрэг 8 аймгийн 14 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21 175 га талбай өртөж шатжээ.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа
Модны төрөл зүйлээс хамаараад нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ 224 мянгаас 1.1 сая төгрөг байдаг. Түймэрт өртсөн талбайг үнэлэхдээ, Ойгоор бүрхэгдээгүй талбай: Нэг га нь 20-31 сая төгрөг,Ойгоор бүрхэгдсэн талбай: Модны төрлөөс хамаарч нэг га нь 5-149 сая төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Жишээлбэл, иргэн санамсаргүй байдлаар нэг га нарсан ойг шатаалаа гэхэд зөвхөн модны үнэлгээ болох 115 сая төгрөгийг төлөхөөс гадна түймэр унтраахад гарсан бүх зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв түймрийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол хуулийн дагуу 5-12 жилийн хорих ял ногдуулдаг
2026 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар манай орны ихэнх нутаг дэвсгэрт хуурайшилт ихсэж, гал түймрээс урьдчилан сэргийлэх онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, одоогийн байдлаар Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна. Харин Баянхонгор, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байгаа аж. Мөн Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай аймаг болон ой, хээрийн бүсэд хамаарах Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар хуурайшилт дунд зэрэг түвшинд байна.
Ой, хээрийн түймэр нь олон улсад “wildfire” хэмээн нэрлэгддэг бөгөөд хяналтгүй тархдаг байгалийн гамшгийн нэг төрөл аж. Энэ нь байгаль орчин, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг томоохон эрсдэлд тооцогддог.
Дэлхийн банкны судалгаагаар жил бүр 33,000 гаруй түймэр гарч, 20 тэрбум долларын хохирол дагуулдаг байна. Харин манай улсын хувьд түймрийн идэвхжилт 4, 5 дугаар сард оргилдоо хүрч, жилийн нийт түймрийн 80 гаруй хувь нь энэ үед гардаг аж. Харин намар 9,10 дугаар сард 15-18 хувь нь тохиолддог нь уур амьсгал болон ургамал зүйн онцлогтой холбоотой. Хамгийн харамсалтай нь ойн түймрийн 90 гаруй хувь нь хүний хайхрамжгүй үйлдлээс үүсдэг. Тухайлбал, ил гал дутуу унтраах, тамхины иш хаях, шилний хэлтэрхий үлдээх зэрэг энгийн алдаанууд томоохон сүйрлийн эхлэл болдог байна.
Угтаа бол ой мод нь агаар цэвэршүүлэх, усны горимыг тогтворжуулах зэрэг байгаль дэлхийн оршин тогтнох үндсэн системийг тэтгэдэг. Гэвч түймэрт өртсөн экосистем эргэн сэргэж, өмнөх хэвэндээ ороход хүний нэг насны хугацаа буюу 30-100 жил шаардлагатай болдог.
Энэ урт хугацааны нөхөн сэргэлтийн явцад хөрсний үржил шимт давхарга бүрэн устаж, ургамал дахин ургах нөхцөл мууддаг байна. Түүнчлэн ойн уугуул амьтдын идэш тэжээл, үүр нуувч үгүй болсноор ан амьтад дайжих, зарим ховор төрөл зүйл устах аюул нүүрлэдэг. Түймэр нь зөвхөн мод шатаад зогсохгүй, хөрсний чийгийг үгүй хийж, ойролцоох гол горхийг ширгээх зэргээр байгаль орчинд олон тэрбумын нөхөж баршгүй бодит хохирлыг учруулдаг байна. Иймд бид эх дэлхийн “уушги” болсон ой модоо хамгаалж, хайрлан, хариуцлагатай хандах нь нэн чухал билээ.