
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 660 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
НЭГ. БУУЗНЫ БҮТЭЦ БА ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХЯМРАЛ
Уламжлалт сар шинийн баяр дөхөж өрх бүхэнд бууз өрөх чухал ажил эд өрнөж байна. Бууз өрөх нэг хэрэг. Монгол орон буузны орцоо төвөггүй базааж, айлууд мах, гурилаа түүртэхгүй зэхэж дөнгөх эсэх нь өөр чухал өнцөг юм. Тиймээс энэ агуулгыг хөндөхийн тулд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар руу өнгийе. Учир нь манай орны хөдөө аж ахуйн салбар мал аж ахуй болон газар тариалангийн дэд салбараас бүрддэг. Тиймээс буузны бүх орц тэндээс бүрэн хамаарна гэсэн үг.
Монголчууд буузны орцоо ч дотооддоо бүрэн бэлтгэж хүчирдэггүй бөгөөд хэдэн мянган жилийн өмнөөс малын мах голлон хэрэглэж ирсэн монгол түмний хувьд өнөөдөр мах тансаг хэрэглээнд тооцогддог боллоо. Дэлхийн нөгөө бөөрөнд хоол, хүнс хүртэх нь ч, бэлтгэх нь ч шинжлэх ухааны түвшинд өндөр хөгжиж буй. Гэвч бид XXI зуунд ч буузны цаадхыг харж чадахгүй, бүр буузаа ч төхөөрч дөнгөхгүй л аж төрж байна. Хүндтэй зочноо дайлдаг, үндэсний баяраараа хүртдэг бууз гэх зоог үнэн хэрэгтээ манай улсын нийгэм, эдийн засгийн аж байдал, нийтийн хооллох дадал, үүх түүх, үндсэн чанарыг шунхгүй илтгэнэ.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Бууз боох өртөг" нийтлэлээс
ХОЁР. БАНК БУСААР УГААГДСАН, ОФФШОРТ ШИЛЖСЭН СТАНЦЫН МӨНГӨ
АТГ-ынхан 2025 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн шалгалтынхаа хүрээнд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Н.Тавинбэхийн зөвлөх П.Товуудорж, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад одоо Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх хийж буй Д.Нямаа нарт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Дээрх иргэд нь өөрсдийн нэр дээр болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр 20 гаруй өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө Монголд эзэмшдэг. Хамгийн жижиг нь хоёр тэрбумын үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг оффшор бүс болох Гибралтарын нутгаар дамжуулж оруулж ирсэн гэх баримтууд илрээд байна.
10 аймгийн Дулааны станцын төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчээр 2018 онд БНСУ-ын “Кореа Дистрикт Хийтинг Инженеринг” ХХК, “Кореа Дистрикт Хийтинг корпорац”, “Констракшн Гуарантий Корпоратив” ХХК, Монгол Улсын “Грийн Энержи Интернэшнл” ХХК-ийн түншлэл шалгарч, 13 сая ам.долларын гэрээ байгуулж, ажил гүйцэтгэсэн.
Гэтэл түншлэлийн нэг оролцогч “Грийн Энержи Интернэшнл” ХХК-ийг Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайд байхад зөвлөх байсан П.Товуудорж, түүний төрсөн дүү П.Даваадорж үүсгэн байгуулсан байжээ. Мөн БНСУ-ын “Кореа Дистрикт Хийтинг Инженеринг” ХХК байгуулсан гэрээг сайдын зөвлөх П.Товуудорж төлөөлж гарын үсэг зурсан байна. Н.Тавинбэхийн зөвлөх П.Товуудорж нь өөрийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, БНСУ-ын санхүүжилтийн мөнгөн хэлбэрийг хувирган мөнгө угааж байж болзошгүй байгаа юм.
Нийтлэлч Г.Улсболдын "Гибралтарт угаагдсан 10 аймгийн Дулааны станцын мөнгө" нийтлэлээс
ГУРАВ. ТАТВАР БА ОЛОН УЛСЫН ЖИШИГ
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэж бий. Уг татварыг Монгол Улсын иргэдээс гадна гадаадын иргэд ч төлөх учиртай. Манай улсад 12 сарын хугацаанд 183 ба түүнээс дээш хоног оршин суусан, олж буй орлогынхоо 50 хувийг манай нутаг дэвсгэрт, эсвэл Монголтой холбоотой эх үүсвэрээс олсон бол татвар төлдөг аж. Байраа авахад минь нэг ч төгрөгөөр туслаагүй атлаа төр яасан гэж хоёр хувийн татвар авч байгаа юм хэмээн иргэд бухимддаг. Үнэхээр л бодоход шударга бус санагдана. Тэгвэл дээрх хуулийн 6.3-т ямар орлогоос татвар авахыг заажээ. Үүнд та бид өөрсдийн хүчээр хуруу хумсаа хэмлэн байж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө худалдаж авсан орон сууц, машин, бусад эд хөрөнгөө зарах бол улсад татвар төлнө хэмээн цагаан дээр хараар бичжээ. Хүн өөрийн хүчээр авсан эд хөрөнгөө борлуулах, шилжүүлэхэд улс яагаад татвар аваад байна вэ. Хариу нь “Та Монгол Улсын нутаг дэвсгэрт, хууль, эрх зүйн хүрээнд, манай зах зээлд энэ хөрөнгийг худалдаж авсан. Бидний системийг ашигласан учраас төр таны хөрөнгөөс татвар авна”. Ийм логик аж. Нөгөө талаас эд хөрөнгө зарж борлуулахад татвар авснаар далд мөнгийг ил болгох, хянах зорилготой байдаг. Гэхдээ энгийн иргэд 2-3 байртай, үл хөдлөхтэй байх нь ховор. Улстөрчид, хууль бусаар баяжсан хүмүүст л төрийн ийм хяналтын хэрэг гардаг байх. Олон улсад ч иргэн нь эд хөрөнгөө зарах, борлуулахад татвар авдаг. Гэхдээ манайхаас ялгаатай нь тэдний татварын систем илүү уян хатан, өршөөнгүй байгаа юм.
Нийтлэлч С.Туулын "Татварын “дээрэм” нийтлэлээс
ДӨРӨВ. ТОГТОЛЦООНЫ "ТОЛБО"-ТОЙ ШИНЭЧЛЭЛ
Бүх зүйл цаг хугацаатай. Үүний нэг жишгээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэс багагүй хугацаанд шагшин магтагдаж байсан жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүд яг одоо нүд үзүүрлэгдсэн байдалтай байна. Иргэд, сонгогчид төдийгүй, бүр намын дарга нар нь тэднийг буруутгаж эхэллээ. Намууд сонгуулиар “Жагсаалтад салбар салбартаа тэргүүлсэн эрдэмтэн мэргэд, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл багтсан. Зөв хүмүүсээ намын жагсаалтад оруулсан” гэсэн PR хийсэн. Олон нийт ч үүнд нь итгэсэн. Гэтэл одоо тэр үед ярьж байсан шиг гайхалтай, мундаг, Монгол Улсыг хөгжлийн замд хөтлөх лидер гэдгээ харуулсан хүн алга. Харин ч бүр эсрэгээрээ улс орон, ард иргэдийн эрх ашиг бус жагсаалтад оруулж өгсөн даргынхаа эрх ашгийн төлөө л ажиллаж харуулсан. Тодруулбал, МАН-аас жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдийн олонх нь намын дарга Л.Оюун-Эрдэнийгээ Ерөнхий сайдаас огцруулахгүй, нам доторх нөлөөллийг нь бууруулахгүй гэж улаан хамгаалагч хийцгээсэн. Яг үнэндээ тэд олон мянган иргэдийг төлөөлсөн МАН-ын сонголт гэхээсээ илүү Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрчийн сонголт байсан гэдэг нь харагдсан. Тэд одоогийн намын дарга Н.Учралдаа ч таалагдахгүй байгаа бололтой. Учир нь, тэрээр саяхан Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллах үеэрээ 2028 оны сонгуулиар жагсаалтын нэр дэвшигчдийг тодруулахдаа өөр зарчим баримтална гэдгээ хэлсэн юм.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн "Даргадаа гологдсон жагсаалтынхан" нийтлэлээс
ТАВ. ХАЛАМЖИТ ТӨРИЙН ХАМЖЛАГУУД
Аж үйлдвэрийн хувьсгал нь Европын олон улсад ажлын байр хийгээд амьдралын хэм маягийг эрс өөрчилсөн. Хөдөө аж ахуйгаас хотод төвлөрсөн хөдөлмөр эрхлэлт, ажлын нөхцөл муу, цалин бага, хүүхдийн хөдөлмөр гэхчлэн олон асуудал дагуулсан энэ түүхэн хувьсгал ажилчин ардын нийгмийн хамгааллын хэрэгцээг бий болгожээ. Өвчин, ажилгүйдэл, ажил хийх боломжгүй болсон ахмадуудын амьдрах эрхийг хангах үүднээс дэмжлэг олгох зорилгоор Германы эзэнт улсын анхны канцлер Отто фон Бисмарк нийгмийн даатгалын анхны тогтолцоог зохион байгуулсан нь өнөөгийн халамжийн төрийн эхлэл байсан гэдэг. Зөвхөн ажилчин ангийг хамгаалах анхны санхүүжилтийн тогтолцоо нь дараа нь Британи, Швед, Франц зэрэг улсуудад нэвтэрч уламж сайжран хуульчлагдан хөгжжээ.
First-generation хэмээгддэг халамжийн төрийн энэ тогтолцоо Дэлхийн II дайны үед тохиосон “Их хямрал”-аас улбаалан халамжийн хүрээ нь өргөжиж, төрийн оролцоо нэмэгдсэн байдлаар шинэ шатанд гарчээ. Second-generation үүргээ чамгүй сайн гүйцэтгэж өнөөдөр Европын болон скандинавын гэсэн онцлогтойгоор хэрэгждэг.
Халамжийн төрийг хамгийн сайн ашигласан улсаар ХБНГУ нэрлэгддэг ч өдгөө тус улс энэ л тогтолцооныхоо төгсгөлтэй нүүр тулж эхэлсэн юм. Герман улс 10 хүрэхгүй жилийн дараа халамжийн тогтолцооноосоо болж төсвийн орон зайгүй болох төлөвтэй байгааг эдийн засагчид анхааруулж эхэлсэн. Гэхдээ айлын хүүхдүүд айхтар учраас өрмийг нь хүртсэн энэ тогтолцоогоо халж, үр ашигтай шинэ тогтолцоог хэдийнэ эрэлхийлж эхэлсэн. Харин бид бусдын сайн жишгийг тэр чигээр нь хуулахдаа хөрсөн дээрээ нэг л буулгаж ашиг шимийг нь ч хүртэж чадалгүй улсаараа “сүйрэх” магадлалтай болжээ.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Халамжит төр хэмээх мухар гудамж" нийтлэлээс
ЗУРГАА. МАЛЧДЫН ЗЭЭЛ ХЭНД АШГАА ӨГДӨГ ВЭ
2022 оны байдлаар нийт хүн амын 19.9 хувь буюу 677.5 мянган хүн малчин өрхөд амьдарч байна. Энэ дундаа 305.1 мянга нь малчин. Монгол улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн үг юм.
Гэхдээ энд нэг л зүйл буруу байна. Малын тоо толгой эрчимтэй өсөж байхад нөгөө талд хотжилт ч эрчимжиж хүн амынх нь 45 хувь нийслэл Улаанбаатарт төвлөрчээ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө орон нутгаас нийтдээ 728,3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн байдаг аж. Монгол Улсад ган, зуд тохиолдсон 2000-2002 он, 2009-2010 он мөн 2020 онд хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжсэн байна. Жилд дунджаар 95 000 хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бол эдгээр жилүүдэд үүнээс өндөр байжээ. Ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол нь хүн амыг хөдөөгөөс түлхэх хүчин зүйлс болж байна гэдгийг улс төрөөс хамааралгүй судалгаанууд харуулдаг. Малчдын амьдрал, амьжиргааны түвшний судалгаагаар 32 хувь нь ядуу өрхөд хамаарч байна гэж гарсан байдаг. Улс төрчдийн эрх хүүхэд шиг үргэлж анхаарлын төв, халамжийн ихэнхийг зориулдаг малчдын амьдрал яагаад энэ их хайр халамж, гадаад дотоодын тусламж дэмжлэг, хөнгөлттэй зээлийн дүнгээр баян чинээлэг биш юмаа гэхэд энгийн дундаж түвшинд хүрч чадахгүй байна вэ? Энд нэг л зүйл буруу байна, харин юу нь?
Нийтлэлч Л.Эрдэнэжаргал "Малчин нэрээр ашиг ологчид" нийтлэлээс
ДОЛОО. ХҮН ХҮНЭЭ БАРИХ ЦАГ
Шүүмж бол тустай үйл. Уран бүтээл, хувь хүний тал дээр аваад үзсэн ч сайн шүүмжлэл ямагт шүүмжлүүлж буй хүндээ эерэг нөлөөлөл үзүүлдэг. Учир нь шүүмжлэлээс үүдсэн бүхэн цаашдын үйл хэрэгт сайнаар тусдаг. Харин түүнийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь тухайн хүний асуудал. Гэтэл одоо цаг дээр энэ бүхэн эсрэгээрээ үйлчлэх болов. Үнэндээ шүүмжийг тустай үйлд тооцож хүлээж авахаа болиод удсан. Тиймдээ ч шүүмжлэлийг өөр чиг зорилгод ашиглаж эхлэв. Тэр нь бусдын оршихуйг эрээ цээргүйгээр үгүйсгэх явдал.
Нобелийн шагналт зохиолч Мо Янь “Нохой хүн барина, танихгүй хүнийг барина. Хүн хүнээ барина, таньдаг хүнээ барина” хэмээсэн байдаг. Бид бусдыг, өөрсдийн дээдэлдэг төрийг, нийтээрээ нэгдэж баталсан тусгаар тогтнол, Үндсэн хуулиа ч шүүж, шүүмжлэх болсон. Үүн дотроос хамгийн гутамшигтай нь өөрсдөдөө огтхон ч хир халдаахгүй атал бусдын амьдралыг шүүдэг. Зарим нь олон нийтээр амьдралаа шүүлгэх дуртай. Хүмүүс бусдыг шүүж, тал талаас нь сэтгэлзүйн хүнд хэлбэр лүү чирч байдаг бол нөгөө талдаа гэр бүлийнхээ дотоод асуудлыг цахим дээр ил болгож, олон нийтээр дүгнүүлэх хэрэгцээ үүсгэсэн бүтэн арми зугуу зугуухнаар олширч байна. Шүүмжлэх дуртай, шүүмжлүүлэх дуртай хүмүүс нэгдэж хүмүүсийг, хүний нийгмийг ингэж бохирдуулах болов. Хамгийн гол нь уг бодит үнэнтэйгээ нүүр тулж, эвлэрдэггүй агаад өөрсдийн зөв гэдэгт туйлын итгэлтэй байдаг нь ёс суртахууны томоохон ан цав үүсгэнэ.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Бэртэгчдийн оромж" нийтлэлээс
НАЙМ. ЗАРЛАГАА ГҮЙЦДЭГГҮЙ ӨРХИЙН ОРЛОГО
Хүний хэрэглээ хязгааргүй гэдэгчлэн хэрэглээний зээлийн эрэлт банк, санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд өссөөр байна. 2024 онд банкнаас олгосон хэрэглээний зээл 44.8 хувиар өссөн бол ББСБ-аас олгосон хэрэглээний зээл 70.3 хувьд хүрч нэмэгдэв.
Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой орлогын өсөлт нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлж, эрэлтийн шалтгаантай инфляц өсөх шалтгаан болсон. Өрхийн, хувь хүний орлого өссөнөөр банкнаас авах зээлийн боломж нэмэгдэж, цахилгаан бараа, буйдан, гар утас, цаашлаад автомашин гээд томоохон үнийн дүнтэй, удаан эдэлгээтэй барааны эрэлт нэмэгдэж, үнэ ч өслөө. Нэг талаар эдийн засгийг дэмжиж байгаа хэрэглээний зээл нь үнийн өсөлтийг өдөөж, салбарын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн нь зохицуулагч байгууллагууд зээлийн шалгуур үзүүлэлтийг чангатгахаас аргагүйд хүргэв.
Зохицуулагч байгууллагууд зээлийн нөхцөлийг чангаруулж зохицуулалттай салбарын зээлийн өсөлтийг сааруулж байгаа хэдий ч зээлийн эрэлт байсаар. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэрүүд зөвхөн банк, ББСБ-аас олгох хэрэглээний зээлд мөрдөгдөж байгаа учраас зохицуулалтгүй хадгаламж зээлийн хоршоо, лизингийн компаниудаас олгох хэрэглээний зээл нэмэгдэх, бүр цаашилбал зохицуулалтгүй мөнгө хүүлэлт рүү иргэдийг түлхэх ч эрсдэл бий.
Нийтлэлч М.Мөнхжаргалын "Хязгаартай”-тай зээлийн эрэлт" нийтлэлээс
ЕС: 2026 ОН БОЛ ШИНЭ 2016
Ухаалаг утасны цэнхэр гэрэл, хаа сайгүй яригдах хиймэл оюун ухаан, секундийн хурдаар өрнөх дижитал хэмнэл өнөөдрийн цаг үеийг бүхэлд нь тодорхойлж байна. Гэвч энэ хэт хурдтай хэмнэл биднийг эргээд хамгийн энгийн зүйлсээ үгүйлж, түр завсарлага авахад хүргэж буй. Үүний баталгаа нь энэ оны эхний өдрөөс л дэлхий даяарх нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд “2026 он бол шинэ 2016” хэмээх тренд хүч түрэн орж ирсэн явдал юм. Олны танил одуудаас эхлээд энгийн хэрэглэгчид хүртэл тэртээ арван жилийн өмнөх үеэ санан дурссан постуудаараа сошиал медиаг “дүүргэж” байгаа нь бид алгоритмын хэт нарийн шүүлтүүрээс залхаж, илүү бодит, “аналоги” хэмнэл рүү тэмүүлж эхэлсний тод дохио болов.
Энэхүү давлагаа нь анх 2025 оны төгсгөлд TikTok платформ дээрх Z үеийн залуусын дунд “10 жилийн өмнөх шиг энгийн байя” гэсэн уриалгаас эхэлжээ. Улмаар 2026 оны эхний долоо хоногоос эхлэн уг давлагаа нь дижитал ертөнцийг бүхэлд нь хамарсан соёлын томоохон хөдөлгөөн болж үргэлжилсэн байна. Тухайлбал, 2026 оны эхний хоёр долоо хоногийн байдлаар TikTok дээр “2016” гэх хайлтын илэрц 452 хувиар өсөж, 55 сая гаруй видео #2026new2016 гэх хаштагтайгаар нийтлэгджээ.
Нийтлэлч И.Сарангоогийн "Бүгд хуучин руу" нийтлэлээс
АРАВ. ХОЁР ТӨВТ УЛС
Өнгөн дээрээ исламын хатуу хууль цаазын дор нэгдсэн төрийн байгуулал мэт харагдах ч Талибаны удирдлагын дунд ан цав гарсан тухай мэдээлэл олон улсын хэвлэлээр хөврөх боллоо. BBC-гийн сэтгүүлчдийн баг бүтэн жилийн турш явуулсан эрэн сурвалжлагынхаа үр дүнд Талибаны удирдлагын дунд хоёр том фракц үүссэн болохыг нотолж буй.
Дээд удирдагч Хибатуллах Ахундзадад үнэнч хатуу шашинлаг үзэлтнүүд Кандахар хотноо төвлөрч шариатын хуулийг чанд сахиулахаар зүтгэж буй бол нийслэл Кабулд нөлөөтэй прагматик үзэлтнүүд орчин үеийн дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх сонирхолтой. 2025 оны есдүгээр сард дээд удирдагч улс даяар интернэт таслах зарлиг буулгахад Кабулын бүлэг гурав хоногийн дараа уг шийдвэрийг буцаасан нь Талибаны түүхэнд байгаагүй “бослого” гэж болно. BBC-гийн ил болгосон аудио бичлэгт Талибаны дээд удирдагч Хибатулла Ахундзада шашны номлолын үеэр “Дотоод хуваагдал Эмиратыг нурааж магадгүй” хэмээн анхааруулсан нь Талибан хөдөлгөөн дотооддоо ч задралын ирмэг дээр ирснээ ухамсарлаж эхэлсний дохио аж. Хэрэв Талибаны дэглэм нурж Афганистаны Исламын Эмират улс нь бутарвал бүс нутгийн төдийгүй дэлхийн геополитикт бас нэгэн хямрал нэмэгдэх нь.
Нийтлэлч С.Лхагвасүрэнгийн "Кандахар VS Кабул: Талибаны дотоод зөрчил" нийтлэлээс
АРВАН НЭГ. БҮТЭЭСЭН НЬ ҮЛДСЭН Ч...
Гэтэл орчин үеийн уран зохиолын тулгын чулууг өрөлцсөн Д.Нацагдорж эрхмийн бүтээлийн талаар Монголчууд хэр сайн мэдэх вэ? Үндсэндээ номын дэлгүүр лүү ороод Д.Нацагдоржийн бүтээлүүд байна уу гэвэл сонирхогч, судлаачдын уран бүтээлийг нь шинжилсэн тоотой хэдхэн ном л бий. Үгүй аваас антолог, яруу найргийн эмхэтгэлээс л ёс болгож оруулсан хэдэн бүтээлийг нь харна. Чухамдаа түүний бүтээлийн бүрэн судалгааг хийж гүйцэтгэсэн эрдэмтэн Д.Цэдэв агсны “Д.Нацагдоржийн Бүрэн зохиол” хэмээх хоёр ботийг хэдэн номын сангуудад хуваарилаад дууссан. Түүнээс бусдаар монголчууд Д.Нацагдоржоо хайрлаж, хүндэтгэж, түүний ном бүтээлийг хэрэглээнд оруулсан нь үгүй. Зүгээр л хий хоосноор тахин шүтэж, улам бүдгэрүүлсээр байгаа нь үнэн. Тиймдээ ч хаа нэг антолог сөхөхөд л үзэгдэх болсон эл сэхээтнийг “тэнүүлч” маягаар амьдруулж байна гэхэд хилсдэх зүйлгүй.
Учир нь түүний хийсэн бүтээл, бичиж үлдээсэн болгон нь бидэнд эрхэм. Эдгээрийг монголчууд хайхарсангүй. Зүгээр л хайхарч байгаа мэт дүр үзүүлсэн. Угтаа Д.Нацагдорж ямар хүн байсан хийгээд хаана төрсөн нь өдгөө цагт бол намтар судлалынхаа салбарт л хамаатай. Харин эсрэгээрээ түүнийг бүтээлийг төрөл бүрээр нь хэвлүүлж, уншигчдад хүргэх, танин мэдүүлэх хэрэгцээ бол зайлшгүй шаардагдах нь зүй.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Тэнүүлч Д.Нацагдорж" нийтлэлээс
