
Өмнөд Африкийн цагдаа тус улсын худалдаа, бизнесийн төв Йоханнесбург хотын зүүн хэсэгт дахин нэг эмэгтэйн цогцсыг олсноор долдугаар сарын дунд үеэс хойш тус хотын ойролцоогоос олдсон эмэгтэйчүүдийн цогцсын тоо 11-д хүрчээ.
Цагдаагийн мэдээлснээр, хамгийн сүүлд амиа алдсан эмэгтэйн цогцсыг ням гарагийн үд дунд Экурхулени хотын захиргааны нутаг дэвсгэрт орших задгай талбайгаас олсон байна.
“Тухайн бүсэд эргүүл хийж явсан хамгаалалтын компанийн автомашины ажилтнууд цогцсыг олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Бренда Муридили хэлжээ.
Амиа алдсан эмэгтэйн нэр, нас болон үхлийн шалтгааны талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Үүнээс ердөө нэг өдрийн өмнө буюу бямба гарагт мөн тус хотын захиргааны нутаг дэвсгэрт орших оршуулгын газрын ойролцоо хагас нүцгэн эмэгтэйн цогцос олджээ.
Хамгийн сүүлд илэрсэн цогцсууд нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл удаан хугацаанд ноцтой асуудал байсаар ирсэн тус улсад улам бүр түгшүүр төрүүлж байна. Цагдаа нар эдгээр аллага хоорондоо холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ч нэг хүн эсвэл хэсэг бүлэг этгээд цуврал аллагыг үйлдэж байгаа байж болзошгүй гэсэн болгоомжлол орон нутгийн иргэдийн дунд нэмэгдэж байна.
Мужийн цагдаагийн газрын дарга Томми Мтхомбени бямба гарагт олдсон эмэгтэй чулуугаар цохиулж амиа алдсан бололтой гэж мэдэгдсэн ч үхлийн шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Цагдаагийн мэдээлснээр, уг аллагатай холбоотой нэг эрэгтэйг хэргийн газраас бараг 400 км-ийн зайд баривчилсан байна. Ингэснээр цуврал аллагатай холбоотойгоор баривчлагдан саатуулагдсан хүний тоо дөрөв болжээ.
Өмнөд Африк нь дэлхийд фемицидийн түвшин хамгийн өндөр орнуудын нэг бөгөөд өдөрт дунджаар 15 эмэгтэй амиа алддаг.
Есдүгээр сарын 17-нд ес дэх эмэгтэйн цогцос олдсон. Уг эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт хоёр эмэгтэйд ял тулгажээ. Цагдаагийн мэдээлснээр, уг аллага харилцаатай холбоотой асуудлаас үүдсэн байж болзошгүй.
Мужийн цагдаагийн газрын дарга Мтхомбени төрийн SABC телевизэд ярилцлага өгөхдөө ес дэх эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тусдаа, ганцаарчилсан хэрэг гэж үзэж байгаа гэжээ. Гэхдээ бусад аллагын зарим нь хоорондоо холбоотой байх боломжтой гэж тэр хэлсэн байна.
Түүнчлэн зарим аллагад ижил төстэй шинж тэмдэг байгаа боловч нэг хүн эсвэл нэг бүлэг этгээд бүх хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт одоогоор байхгүй гэдгийг тэр анхааруулжээ.
Цагдаа нар долдугаар болон наймдугаар сард Экурхулени хотын захиргааны нутаг дэвсгэрт бие биенээсээ 6 км-ийн зайд гурван эмэгтэйн цогцос олсон байна. Харин энэ сарын эхээр мөн Экурхуленид 10 хоногийн хугацаанд зургаан эмэгтэйн цогцос илэрчээ.
Бямба гарагийн цогцос олдохоос өмнө амиа алдсан бүх эмэгтэй 20–30 насныхан байв. Тэд бүрэн эсвэл хагас нүцгэн байдалтай олджээ.