
Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд “МБанк арена”-д болно. Энэ үеэр залуу лигийн залуу тоглогчдын өрсөлдөөн, холын зайн шидэлт, ур чадварын тэмцээн, “Холимог оддын тоглолт”, эрэгтэй, эмэгтэй “Бүх оддын тоглолт”-ыг зохион байгуулах юм.
Энэ жилийн холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн оролцохоор болжээ. Хоёр багийг улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахална.
Улсын отгон арслан Э.Батмагнайгийн багт харцага Б.Зоригтбаатар, гавж Д.Нямсамбуу, жүжигчин Х.Цасчихэр,Э.Мөнхтөр, артист Rutuu, шатрын их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, паралимпын аварга У.Сүрэнжав, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ, мисс Ц.Аззаяа нар багтжээ.
Улсын арслан Б.Орхонбаярын багийн бүрэлдэхүүнд юүтүбэр Б.Түшиг, аймгийн хурц арсан Д.Алтанцоож, контент бүтээгч Ким Бү Ёон, шог зураач С.Цогтбаяр, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн, холимог тулаанч, гавьяат тамирчин Б.Энх-Оргил, мисс Э.Номинзул, шатрын их мастер Т.Мөнхзул, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, өсвөрийн тамирчин Э.Булгантамир нар багтсан байна.
Хуваарийн дагуу эхний өдөр буюу энэ сарын 16-нд залуу тоглогчдын халз тоглолт, цагариган дээрээс довтлох тэмцээн, Холимог оддын тоглолттой. Харин 17-нд эрэгтэй, эмэгтэй Бүх оддын тоглолт, ур чадвар болон гурван онооны шидэлтийн тэмцээн болно.

