
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ.
“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) гэсэн уриатай энэ чуулга уулзалтад 25 улсын 230 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж үг хэллээ.
Тэр бээр, дэлхий нийтээрээ улс төр, нийгэм, эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй энэ үед ажлын байраа хадгалан, улс орныхоо төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, ногоон эдийн засаг, орон нутгийн хөгжил зэрэг олон салбарт манлайлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл болж байгааг тэмдэглэв.
Цаашид эмэгтэйчүүд бизнес эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээс тэгш хүртдэг байх, инновац, цахим шилжилт, ногоон эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих бодит алхмуудыг улс орнууд цаг алдалгүй хийх шаардлагатайг онцоллоо.
Энэ чуулга уулзалт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн түншлэл, нөхөрлөл, ажил хэргийн холбоог улам бэхжүүлж, илүү тэгш, илүү хүртээмжтэй, илүү энэрэнгүй ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улс цаг ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно гэдгийг хэлж, ирээдүйн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бэлтгэж, хөгжин дэвших тэгш боломж бий болгохын төлөө дэлхий нийтээрээ хамтдаа зүтгэхийг уриаллаа.
Чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмж, манлайллыг төлөвшүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход бизнес эрхлэгчдийн үүрэг, оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих зэрэг салбар хуралдаан болно.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд жендерт суурилсан эдийн засаг, бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлээ хамтдаа даван туулахыг зорих юм