
Боловсролын яамнаас элсэлтийн шалгалт болон гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Өмнөх жилүүдэд элсэлтийн шалгалтад ирсэн сэдвүүдийг жишиг даалгавар болгон гаргаад байгаа аж. Иймд тус жишиг даалгавруудыг хийж байж энэ жилийн шалгалтад ирэх асуултуудад хариулж чадах бэлтгэл ажил хангагдана гэдгийг албаны зүгээс онцлов.
Мөн тавдугаар сарын 15-наас өмнө элсэлтийн шалгалтын бүртгэл, мэдээллээ баталгаажуулсан байх хэрэгтэй гэлээ.
2028 оны долоодугаар сар хүртэл элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулна. Харин түүнээс хойш элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулж сонгох шалгалт буюу байгалийн ухаан, нийгмийн ухаан дотроо тус бүр гурван сонголттой, монгол хэл, математик тус бүр хоёр сонголттой зэрэг байх аж.
Үүнээс гадна Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат сургууль болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр,
"Багшийг гүйцэтгэлийн үнэлгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай. Хэн их ажиллаж байгаа нь өндөр цалин авдаг, бага үр дүнтэй ажиллаж байгаа нь түүндээ таарсан цалин хөлс авдаг тогтолцоо сүүлд нэвтэрснээр багшийн ажлын үр дүн, сургуулийн менежмент, орчин нөхцөл дээр тодорхой эерэг үр дүн гарч байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нэг хэвийн байдлаар зохион байгуулагдаж ирсэн арга хэмжээг өөрчлөхөөр болсон. Багшийн болон байгууллагын үнэлгээг тусад нь авахгүй нийтэд нь авдаг болмоор байна гэдэг саналыг боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс гаргасан. Бид мөн үүнд тулгуурлан санал, асуулга явуулсан. Нэгтгэсэн байдлаар гүйцэтгэлийн үнэлгээг авъя гэдэг дээр олонх буюу 61.39 хувь нь саналаа өгсөн. Тиймээс үүн дээр үндэслээд ажлын хэргийн хүрээнд зургаан шалгуур, 12 үзүүлэлтээр нэгтгэсэн байдлаар үнэлгээг тодорхойлхоор болсон. Өөрөөр хэлбэл, Боловсролын үнэлгээний төвөөс байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг цэвэр хөндлөнгийн байдалтай зохион байгуулна. Харин багшийн үнэлгээг тухайн сургууль, цэцэрлэгийн үнэлгээний комисс нь өөрсдөө Боловсролын үнэлгээний төвөөс гаргаж өгсөн аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ" гэв.