
Яг одоо чөлөөлөх ёстой, цэг тавих шаардлагатай зүйлс монголд олон. Тэдгээрийг тоочвол үл дундарна.
Тиймээс Ерөнхий сайд ард иргэд, төрийн албан хаагчдаа элдэв дарамт, ажлын ачаалал, бизнес хийхэд олгодог олон төрлийн тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын асуудлуудаас ангижруулж, бүгдийг нь нэг дор багцлаад “Чөлөөлье” гэх санаачилга гаргасан. Угтаа эдийн засгийн сорилтод тулгараад удсан цаг үед хянан шалгах гэхээс илүүтэй эдийн засгаа идэвхжүүлэх талаар дорвитой ажил хийхийг зорьсон нь энэ. Тийнхүү эрүүл мэнд, байгаль орчноос бусад салбарт хийх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зогсоосон.
Жилийн өмнө жижиг, дунд бизнес эрхлэгчид 251 төрлийн тусгай зөвшөөрөл авах ундарсан их ажилд хөл нь тушаатай байв. Үүний 122 нь хуулиас давсан журам гэж хэн хүнгүй л ам уралдан халаглаж байлаа. Харин Ерөнхий сайд эдгээрийн заримыг болиулж, аж ахуйн нэгжүүдийг шалгах 9376 шалгалтыг цуцалсан. Мөн үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг болиулж, борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс доош байвал НӨАТ-аас чөлөөлөхөөр болов. Нэмээд дөнгөж Ерөнхий сайдын тамгыг гардсаныхаа маргааш татварын өртэй 6042 компанийн дансыг нэг сарын хугацаа өгч, нээхээр болж иргэдээс өндөр оноо авсан. Төрийн албан хаагчдад 1 өдөр зайнаас ажиллах боломж үүсгэж дээр дооргүй л эдгээр шийдвэрийг гаргасан сайдаа магтаж, элдэв төрийн дарамтаас ангижирч байна хэмээн нийтээрээ танго эргэн бүжих нь холгүй болцгоов.
Гэхдээ нэг зүйлийг бид мартаад байна. Ер нь асуудлыг долоо хоног хэлэлцэж, арваад хоног жагсаал хийж байгаад ой тойноосоо ор тас арчдаг зантай л даа, манайхан. Гэтэл эдгээр тусгай зөвшөөрөл, бизнес эрхлэгчдийн дансыг хаах шийдвэрийг гаргаж, хяналт шалтгалтын журмуудыг хэн баталж, дарамт үзүүлсэн хэрэг билээ. Сүүлийн гуч гаруй жил дангаараа засаглаж буй нам нь, иргэдээ асуудлаас нь чөлөөлсөн нэр зүүж попроод байгаа эрх баригчид өөрсдөө шүү дээ.
Монголд ямар ч цаг үед хэрүүл шуугиангүйгээр үйл ажиллагаа явуулж чаддаггүй нэг л газар бий. Тэр нь УИХ. Иргэд “За, ашгүй нэг гайгүй хүн гарлаа. Засаг солигдлоо. Одоо нэг улс төр цэгцрэх болов уу” гэж хоорондоо хэлэлцдэг, боддог, хүлээдэг. Гэвч улс төр бужигнаж, улстөрчид хэзээд хоолоо булаалдсан хэвээрээ. Тэдний үйл ажиллагаа цэгцрэхийг, иргэдэд хэрэгтэй хууль санаачилж, асуудалд цэцэрхэж, шоудалгүйгээр алгоритм дэвшүүлж мэтгэлцдэг болохыг нь хүлээнэ гэдэг бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэртэй адил санагдах болов. Үргэлжийн тэмцэл, хэрүүл, хахууль, эрх мэдлийн төлөөх уралцаан нүдний өмнө ил. Ард түмэн энэ даварсан эрх мэдлийн донтой түшээдээ яаж ч чаддаггүй нь гачлантай.
Өнгөрсөн Засгийн газрын хамгийн их шуугиан тарьсан сайдын нэг болох Б.Энхбаяр “Монгол Улсад 437 хууль байгаа. Үүний дотор журам батлах тухай 2403 заалт байдаг. Харин бүртгэлгүй 850 журам бий. Түүний 350 орчим нь л Засгийн газрын баталсан журам” хэмээн мэдэгдэж байсан. Олон журам заалтаар амьдралаа босгох гэж ядсан иргэдийн хөлийг чөдөрлөж, зарим компани удаа дараалан дампуурлаа зарлаж, мэдэгдэл гаргасан. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт гэхэд үндэсний хувцасны үйлдвэрлэлийн нэг болох “Ивээл” брэнд ийм мэдэгдэл цахим орчинд нийтэлсэн. Угтаа албан тушаалтнуудын гарын үсэггүйгээр бизнес явуулах боломжгүй. Тийм нөхцөлийг зөвшөөрсөн, эхнээс нь шат дараатай өрж бүтээсэн хүмүүс нь тэд өөрсдөө. Өчнөөн жилийн турш хөлийг нь холготол чөдөрлөчихөөд өнөөдөр “Чөлөөлье” гэж байгаа нь эгдүүцмээр. Хэн ч ярьж, хэлж, нийтэд зарлан попорч болох ч эдгээрийн хэрэгжилт шат шатандаа хэрхэн үргэлжлэх нь асуудал хэвээрээ... Ерөөсөө манайд үр дүнд хүрсэн, сэтгэл ханамж төрүүлсэн гүйцэтгэл байдаггүй. Тэгээд ч эрх баригчид албан тушуултнуудын гарын үсгээр л иргэд нь амьдралынхаа түвшинг хэмжих болтол нь энэ системээ угсарчихсан.
Магад зарим нь өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч болж байна уу хэмээн ам асууж мэдэх юм. Даанч шууд утгаараа заргалдах нь зүйтэй болжээ. Үнэндээ дарамтад оруулсан нь, мөрдөгддөггүй хууль заалт, дүрэм журмаа тулгаж чөдөр зүүсэн нь хэн бэ? Яг одоо чөлөөлье гэж индрээс уриалга дэвшүүлээд байгаа эрх баригчдын үнэнчээр зүтгэж байгаа нам, найз нөхөд нь шүү дээ. Шуудхан хэлэхэд эл уриалгыг дэвшүүлж, чөлөөлөх шийдвэр гаргаад байгаа хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор ийм нөхцөл үүсэж, удаан үргэлжилсэн. Мөнөөх засуулсан нохой өөрийг нь зассан хүндээ янаг гэгчээр одоо тэгээд урин цаг асуйг далимдуулж зунжин наадамлацгаах хэрэг үү. Үнэндээ чөлөөлье, баялагтаа эзэн байя, дарамтаас гаргана зэрэг улстөрчдийн ярих үгс одоо бол тохуурхал, доромжлол мэт сонсогдоно.
Харин найдвар бий юм аа гэхэд чөлөөлье хэмээх эл санаачилга, гаргасан шийдвэр нь хөрсөн дээрээ бууж хэрэгжих үү гэдэг нь асуулт хэвээр л байгааг дахин сануулъя. Индэр дээрээс хэлсэн гоё үг маргааш нь доод шатны байгууллагад очоод хөөс болдог. Нэг журам цуцлагдлаа гэхэд түүнийг орлох өөр журам гарч ирдэг нь нууц биш. Төр өөрийн бий болгосон дарамтаа бууруулж байна гэж зарлах нь алдаагаа засаж байгаа мэт харагдаж болно. Гэвч үнэндээ тэд гавьяа байгуулснаа сурталчилж байгаа хэрэг. Иргэд ч үүнд дасаж, багахан хөнгөлөлтийг том ялалт мэт хүлээн авч эхэлсэн нь эмгэнэлтэй. Нэг гар нь чөдөр зүүж, нөгөө гар нь тайлж буй дүр зураг хэтэрхий удаан үргэлжиллээ. Үнэн хэрэгтээ чөлөөлөлт биш, системийн суурь өөрчлөлт л шаардлагатай байна. Түүнгүйгээр “чөлөөлье” гэх үг урьдын ганган уриалгууд адил хиймэл, хоосон нэр төдий болж замхрах нь гарцаагүй.
“Gate” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч П.Мөнхсайхан “Энэ улсад бизнес хийж баялаг бүтээнэ гэдэг ял шийтгэл юм. Өмнөх тусгай зөвшөөрөлөөрөө явж болно гээд тоолгүй хаясан атал заавал дахиж тэр 9 эрүү шиг процессийг туулж ахин тусгай зөвшөөрөл авах ёстой байж. Тэгээгүй гээд 5 саяар торгуулаад гарч ирлээ. Бага мөнгө биш шүү дээ. Миний эргэн тойронд дүүрэн л тусгай зөвшөөрөлгүй газрууд яаж аргалаад байгаа юм яваад л байх юм. Бүх зүйлийг ном ёсоор нь хийх гэж хичээх тусам туйлдаж гүйцлээ. Хангалттай их татвар хариуцлагатайгаар төлж байна. Огт зөвшөөрөлгүй бол яая гэхэв, дэндүү шударга бус!” хэмээжээ.
Эндээс нэг зүйл ажиглагдана. Тусгай зөвшөөрөл, бичиг цаас, тамга, гарын үсгийн араас гүйх зуурт олон хүний цаг хугацаа, боломж үрэгддэг. Хэн нэгэн даргын үүд сахиж, хариу горьдон хоног төөрүүлэх нь жирийн үзэгдэл болжээ. Зарим нь шударга замаар явж тэвчдэг бол, хэсэг бүлэг нь аргагүйн эрхэнд “хурдан гарц” хайдаг. Цаасан дээр чөлөөлөгдсөн ч бодит амьдрал дээр танил тал харна, хэдэн цаас атгуулахгүй л бол зөвшөөрөл олгохгүй. Заримынх нь халаасыг овоохон шиг түнтийлгэчихвэл зөвшөөрөлгүй байхад ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Энэ бүхний дунд зарим нь мөрөөдлөө бүрэн орхилгүй, ямар нэгэн байдлаар амьдралаа авч явах гэж чардайсаар байна. Нийгэм бүхэлдээ чөдөр тушаандаа түүртэх мэт удаанаар урагшилж, баялаг бүтээгчид нь амаараа шороо үмхэж байгаа ч төр лав хайхарсан юм алга. Улстөрчид л өөрсдийгөө дөвийлгөж, элдэв хууль санаачилж, урилга, санаачилга дэвшүүлж, хонь бүрэн, чоно цатгалан гээд лайвдаж сууцгаана.