
Монголын тэшүүрийн холбооноос өвлийн спорт, ялангуяа шорт трекийн хөгжлийг шинэ түвшинд гаргах зорилгоор БНХАУ-ын Читэйхө хотын Спортын захиргаа, тэшүүрийн холбоотой хамтарсан олон улсын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг энэ онд байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь талуудын давуу талуудад тулгуурлан бодит үр дүнд чиглэсэн, урт хугацаанд тогтвортой түншлэлийг бий болгох зорилготой аж. Үүний үр дүнд хоёр орны тамирчин, дасгалжуулагчдын солилцоо, хамтарсан өвөл зуны бэлтгэл, сургалтын кэмпийг зохион байгуулах түүнчлэн олон улсын шаардлагыг хангасан бэлтгэлийн бааз, спортын байгууламжийг хамтран ашиглах боломжтой болжээ.
Олимпын наадамд Ази тивийн тамирчид шорт трек, тэшүүрийн төрлөөр өндөр амжилт үзүүлж байна. Энэ хүрээнд хөрш орны туршлагаас судлан хамтарсан олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой болсон байна.
Ташрамд дуулгахад, Монголын өсвөрийн шорт трекийн тамирчид 2025 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон улсын тэмцээнээс гурван алт, гурван хүрэл медаль хүртсэн юм. "2025 Beijing TOP Short Track Speed Skating International Open#3" тэмцээнд БНХАУ, Монгол, Австрали, Тайланд, Вьетнам гэсэн таван улсын 145 тамирчин оролцсон юм.
