
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ ба Иран “одоо хэлэлцээр хийж байгаа”, Техран энхийн хэлцэлд хүрэхэд бэлэн байж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ Ираны тал АНУ-тай шууд хэлэлцээр хийж байгаа эсэхийг үгүйсгэсэн юм.
Трамп Зууван танхимд хийсэн уулзалтынхаа үеэр Ираны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгнө хэмээн заналхийлсэн үгээ буцаасан шалтгаанаа “Бид одоо хэлэлцээр хийж байгаа тул ингэж шийдсэн. Тэд бидэнтэй ярьж байна, ойлгож байна” гэж тайлбарлажээ.
The New York Times хоёр нэрээ нууцалсан эх сурвалжид тулгуурлан АНУ Иранд 15 зүйлчлэл бүхий төлөвлөгөө илгээсэн гэж мэдээлсэн. Энэхүү төлөвлөгөөг Пакистанаар дамжуулан Ираны удирдлагуудад хүргэсэн ч хэр олон албан тушаалтанд тараасан нь тодорхойгүй байгаа гэнэ. Израил улсын хувьд энэ төлөвлөгөөг дэмжих эсэх нь тодорхойгүй байна.
Трамп хэвлэлийнхэнд “АНУ ба Иранд ойролцоогоор 15 зүйлчлэлд санал нийлэх боломжтой” гээд хэлэлцээрийн тэргүүний зорилт нь Ираныг цөмийн зэвсэггүй болгох гэдгийг онцолжээ.
Трамп тус хэлэлцээрт оролцож буй албан тушаалтнуудын нэрийг дурдсан юм. Дэд Ерөнхийлөгч Ванс, Гадаад харилцааны сайд Марко Рубио, мөн өмнө нь АНУ-ын тусгай элч хийж байсан Стив Виткофф болон Трампын зөвлөх Жаред Кушнер нарын нэрийг цохон дурджээ.