
17 жилийн дараа Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг 13 их наядаар нэмэгдүүлэх өөрчлөлт орсныг Ерөнхий сайд Н.Учрал, Рио Тинто группын захирал Саймон Тротт нар мэдэгдлээ.
Гэрээнд өөрчлөлт оруулснаар менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилган 8 орчим их наяд, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 их наяд төгрөг нийт 30 орчим их наядын зардлыг бууруулна. Мөн Оюу Толгой төслөөс авах ногдол ашгийг 2027 онд хуваарилах, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр талууд тохиролцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Оюу Толгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддаг бодит жишээ болж байна. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Саймон Троттой манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт: Оюу Толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна.
Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюу Толгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно.