
Хонконгийн орон сууцны хороололд гарсан галын улмаас 159 хүн амь үрэгдэж, 31 иргэн сураггүй байна
Хятадын хоёр тусгай бүсийн нэг, дэлхийн эдийн засаг бизнесийн төв болсон Хонконгод өнгөрсөн долоо хоногт Ван Фүк Көрт хэмээх орон сууцны хороолол шатсан. Хороололд гарсан галын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Хонконгийн удирдагч Жон Ли галын шалтгааныг тогтоох бие даасан тусгай хороо байгуулахаар болсныг долоо хоногийн эхэнд мэдээлсэн билээ. Тусгай хорооны гишүүд галын шалтгааныг тогтооход гурваас дөрвөн долоо хоногийн хугацаа шаардлагатай аж.
Ван Фүк Көрт хорооллын найман барилгын долоо нь шатсан. Галын улмаас нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 159-д хүрээд байна. Мөн 31 иргэн сураггүй байна. Шатсан хорооллоос иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй. Аврагчид барилгын дотор хайлтаа дуусгасан бөгөөд одоо барилгын гадна талбайд болон бусад хэсгүүдэд эрэн хайх ажил явагдаж байгаа юм.
Одоогоор олдсон 159 цогцос нь 1-97 насны хүмүүсийнх бөгөөд 49 нь эмэгтэй, 91 нь эрэгтэй байна.
Урьдчилсан байдлаар галын шалтгаан болон богино хугацаанд олон барилгад тархсан байдлыг барилгын засварын үеэр ашиглаж байсан материалаас үүдэлтэй байж магадгүй гэж таамаглаад байгаа юм. 1983 онд ашиглалтад орсон Ван Фүк Көрт орон сууцны хороололд гал гарах үед засварын ажил хийгдэж байжээ. Барилгын засварын ажлыг гүйцэтгэхэд ашиглаж байсан хамгаалалтын хулсан шат баганууд болон полистирол хөөсөнцөр хавтангууд нь шатамхай материалууд учраас гал амархан авалцаж шатсан гэж таамаглаж буй.
Хонконг газар нутгийн хэмжээ жижиг бөгөөд хүн ам шигүү оршин суудаг. Ойрхон буюу жижиг зайд баригдсан тэнгэр баганадсан өндөр барилгуудаараа алдартай. Олон давхар барилга барих, тэдгээр барилгуудын засварын ажлыг хийхэд эрт үеэс хулсан багана шатуудыг ашиглаж ирсэн. Хулс бол хамгийн хялбар шатдаг материалуудын нэг юм.
Тиймээс эрх баригчид хамгаалалтын хулсан багана шатуудыг цаашид барилгын болон барилгын засварын ажилд ашиглахыг хориглосон шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэр энэ долоо хоногийн бямба гарагаас хэрэгжиж эхэлнэ.
Энэ удаагийн гал нь Хонконгийн төдийгүй БНХАУ-ын хэмжээнд хэдэн арван жилд гараагүй их хэмжээний хохирол учруулсан түймэр болсон.
Хонконгийн Хөгжлийн газрын нарийн бичгийн дарга Лин Хон Хо барилгын ажилд хулсан шат багануудын оронд ашиглаж болох туршилтын шинэ материалыг ирэх долоо хоногт сонгож шийдвэрлэнэ гэдгийг танилцууллаа. Хулсны оронд ашиглах амархан шатдаггүй материалуудыг турших ажил хэдийнэ эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Хонконгийн хэмжээнд хувийн 200 орон сууц, улсын 10 барилгад засварын ажил хийгдэж байна. Хятадын хэвлэлд бичсэнээр Хонконгийн эрх баригчдын шийдвэр 300 орчим барилгын ажилд нөлөөлнө гэжээ.
Галын хэрэгт гэм буруутай гэж үзэн 15 хүнийг баривчлан саатуулсан. Эдгээр баригдсан хүмүүсийн дунд барилга инженерийн компанийн захирлууд, үймээн самуун үүсгэхийг завдсан иргэн, хотын захиргааны ажилтнууд зэрэг хүмүүс багтжээ.
1948 онд Хонконгод агуулах шатаж 176 иргэн амь насаа алдаж байжээ. Үүнээс өмнө 1918 онд Аз жаргалын хөндий нэртэй морин тойруулган дээр гал гарч 600 гаруй хүн амь насаараа хохирч байсан юм.
Орон сууцны хорооллын гал 40 гаруй цаг шатаж, 2,000 гаруй гал сөнөөгч, аврагч ажилласан. Хотхонд гал гарах үед галын дохиолол дуугаараагүй гэж зарим оршин суугч ярьсан.
Ван Фүк Көрт хороолол 1983 онд ашиглалтад орсон, 2,000 айлын 4,600 оршин суугч амьдардаг байжээ. Хорооллын оршин суугчдын 40 гаруй хувь нь 65 болон түүнээс дээш настай ахмадууд байсан юм.